ОЛОН ӨНГӨ: Малчин залуугийн яриа хийгээд үнэн хатуу үгс

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 08

Хөдөө хээр машин саатаад аргагүй эрхэнд сумын төв бараадуулж орхиод эхнэр хүүхдүүдээ ч үлдээгээд өөрөө замын машинд дайгдав. Мэдээж сэлбэг хэрэгсэл олж ирэхээр хот хүрээ явж буй минь энэ. Намайг замын хань татсан жолооч залуу бид хоёр үе тэнгийнх аж. Учир байдлаа хэлсний минь дараа “Машин эвдрэх ч хэцүү шүү. Гэхдээ л бүрэн бүтэн байдлаа хангах гэдэг машин унахаас чухал” гэсэн нь загнаж, зэмлэхээс ч хатуухан сонсогдлоо. Жолооч маань харин ч нэг ам хуурай байдагггүй нөхөр аж.

Түүний хэлж байгаагаар сум, хөдөө орон нутагт архидалт хэтэрсэн гэнэ. Ийм байгаа нь завтай байгаагийн илрэл аж. Хэрэв хот хүрээнийхэн шиг зав чөлөөгүй байдал бол энэ байдал хэд дахин байна гэх. Биенээсээ давах гэсэн аминчхан үзэл нь биднийг юм юмгүй болгож байна гэв. Нэг нь том машин авбал дагаад өнөөх нь авна. Эхний нөхөр эдийн засагт хүнд тусдагийг ойлгоод жижиг машин авахаар өнөөх бас л дуурайна. Энэ мэтчилэн хүн харахад хаяандаа юм, юмтай нэгэн боловч өнөөдүүл нь амьдралд тэр бүр ашиг өгөхгүй баахан “хог”-той болдог.

Малын хөлийн татварыг малын тооноос хамаарсан шатлалын хэлбэртэй болгох нь зөв гэнэ. Тухайн малчин 500 хүртэлх толгой малтай бол бага, 500-800 мянгатай бол арай их, 1000-аас дээш бол илүү их гэх мэтээр төлдөг болох нь эдийн засагт ч, хувь хүнийхээ амьдралд ч тус болно. Харамсалтай нь орон нутгийнхан өөрсдөө хуралдаад малын хөлийн татварынхаа хэмжээг тогтоох гэхээр өнөөх л мянгат, алдарт, аваргууд нь олонхоороо түрий барин эсэргүүцдэг аж.  

Тэр дөнгөж л 30 гарч яваа энгийн нэгэн малчин. Гэвч өнөөгийн ямар ч дарга нараас гардаггүй ухаалаг, хатуухан үг түүнээс гарч байлаа. Замын туршид тэр ярьж би сонсон, зарим зүйлд нь толгой дохин зөвшөөрч, заримд нь өөрийгөө хамаатуулан бодон зэмлүүлж явлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top