ЭМГЭНЭЛ | Данзанхүүгийн Мишигсүрэн

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

ЭМГЭНЭЛ

Бидний эрхэм дотны хүн, халамжит хань, хайртай охин, элбэрэлт ижий, эрхэм журмын нөхөр, авьяаслаг сэтгүүлч, яруу найрагч, эх орныхоо байгаль орчны төлөө тэмцэгч Данзанхүүгийн Мишигсүрэн 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгсөж бид бүхэнд хүнд уй гашуу тохиолдлоо.

Данзанхүүгийн Мишигсүрэн нь 1977 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах бригадын малчин Данзанхүүгийн гэр бүлд 10 хүүхдийнх нь отгон охин болон мэндэлжээ.

​Бага насандаа эцэг эхийн хайранд хүмүүжин, уламжлалт мал аж ахуй эрхлэх ухаанд суралцан өсөж торнисон ба дунд сургуулийн 6 дугаар ангиа төгсөөд ижий аав дээрээ очиж малчин болсон билээ. Д.Мишигсүрэн нь малчин байх үеэсээ эхлэн тасралтгүй өөрийгөө хөгжүүлэн 2008 оныг хүртэл “Монгол говь”, “Говийн долгион”, “Ёл ТВ” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад идэвхтэн бичигч хийж, нийгмийн амьдралын өгүүлэмж бүхий зохиол бүтээлээ туурвиж байв. Тэрбээр утга зохиолд шимтэн дурлаж, сэтгэлийн дуудлагаар нийгэм, олон нийтийн төлөө зүтгэх чин хүсэл нь хөтөлснөөр 2008 онд Хэвлэлийн хүрээлэнд суралцан сэтгүүлч мэргэжлийг эзэмшжээ.

Д.Мишигсүрэн нь 2008-2013 онд “Монгол говь” сонинд сэтгүүлч, 2010-2022 онд МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүн, 2013-2022 онд МҮОНР-ийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагч, 2015-2022 онд Засгийн Газрын хэрэгжүүлэгч Үндэсний МОНЦАМЭ агентлагийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагч, 2016-2022 онд МЭХ-ны Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүлэгч, 2020-2022 онд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүнээр тус тус ажилласан бөгөөд 2021 онд “Өмнөговь.МН” сайтыг үүсгэн байгуулж, удирдан хөгжүүлж байв.

Д.Мишигсүрэн нь орон нутагтаа утга зохиолыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, Өмнөговь аймагт утга зохиолын салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн арга хэмжээ, Говийн бүсийн аймгуудыг нэгтгэсэн “Говийн уянга” яруу найргийн наадам, уулзалт зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулж, мөн жил бүр зохиогддог уламжлалт наадмуудаа тасралтгүй зохион явуулж, аймгийн утга зохиолын салбараасаа Соёлын гавъяат зүтгэлтэн 1, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналтан 2, Утга зохиолын төлөөх шагналтан 4, МЗЭ-ийн шагналтан 3-ыг тус тус төрүүлж, говь нутгийнхаа утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан нийгэм, соёлын зүтгэлтэн байлаа.

Тэрбээр “Саранд би хүслээ шивнэсэн” /2010/, “Ертөнцийн өнгө” /2013/, “Ер бус ертөнц” /2016/ зэрэг уран бүтээлийн номуудаа уншигч олонд хүргэсэн бөгөөд 2010 онд “Эгшиглэнт говь-2010” яруу найргийн наадмын цомын эзэн, “Яргуй дэлгэрэх хавраар” хайрын шүлгийн наадмын тэргүүн байрын шагнал хүртэж байсан юм.

Сэтгүүлч, уран бүтээлчийн цаг наргүй ажил амьдралын хажуугаар нийгэм, олон нийт, малчин ард түмнийхээ сайн сайхны төлөө хичээл зүтгэлээ харамгүй зориулан ажилладаг нэгэн байв. 2000-2002 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Хөдөөгийн малчдын усан хангамж” төсөл, 2002-2015 онд “ДОХ-той тэмцэх үндэсний сангийн Өмнөговь аймаг дахь сургалт сурталчилгааны сургагч багшаар ажиллан, уул уурхайн бүс нутагт амьдардаг хүн амын эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, 2016-2022 онд “Ногоон алт” малчдын холбооны төслийн үүсгэн байгуулагч, төслийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байв.

Д.Мишигсүрэнгийн хөдөлмөр бүтээлийг үнэлж 1995 онд Өмнөговь аймгийн Мянгат малчин, 1996 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 9 алдартан, 2012 онд Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог МСНЭ-ийн ГАН ҮЗЭГТЭН цол тэмдэг, 2014 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал Лиш одон, 2017 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2017 онд Сэтгүүл зүйн дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, МЗХ-ны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэг, “Нутгийн элч” тэмдэг, Малчдын холбооны Хүндэт өргөмжлөл, 2019 онд Үсчин гоо сайханчдын холбооны Хүндэт тэмдэг, 2021 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Жуух бичиг, Ханхонгор сумын Мандах баригадын 70 жилийн ойн медаль, Ханхонгор сумын Өгөөмөр баригадын 60 жилийн ойн медаль, Ханхонгор сумын 90 жилийн ойн медаль, Засгийн Газрын хэрэгжүүлэгч Үндэсний МОНЦАМЭ агентлагийн 95, 100 жилийн ойн медаль, МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын 70 жилийн ойн медаль, МЗЭ-ийн 90 жилийн ойн медаль, хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнажээ.

Тэрбээр байгаль хамгаалах, эх орныхоо онгон дагшин байгалийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө дуу хоолойгоо өргөн тэмцэж, говь нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой үндэсний контент “Хармагтай ярилцлага” нэвтрүүлгийн олон арван дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн юм. Түүний Монгол Улсад аялал жуулчлал хөгжүүлэх ариун үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ.

Талийгаач нь цаг үргэлж бусдын төлөө гэсэн энэрэнгүй сэтгэлтэй, Христэд итгэгч нэгэн байлаа. Түүний хийж бүтээхийн төлөөх уйгагүй зүтгэл, эх оронч үзэл, хувиршгүй дайчин зориг, шударга хүмүүнлэг үйлс, хэзээд нөмөр нөөлөгтэй нинжин зан чанарыг үр хүүхэд, ах дүүс, утга зохиолын журмын нөхөд, үзэг нэгт сэтгүүлчид, хамт олон, найз нөхөд бид үүрд дурсан санах болно.

Амгалангийн орондоо ариун үйлс бүхнээ үргэлжлүүлэн од доо.

 

Талийгаачийн ээж, хань, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд, Засгийн Газрын хэрэгжүүлэгч Үндэсний МОНЦАМЭ агентлаг, МҮОНР, MMJ төслийн багийн 21 аймгийн сэтгүүлчид, МСНЭ, МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар, Эрхэт Монгол групп, Өмнөговь аймгийн МАН-ын хороо, МЭХ-ны Өмнөговь аймаг дахь салбар, яруу найрагч нөхөд нь

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.247) 2022 оны 03 сарын 07

Ум ма ни бад мэ хум

0  |  0
Д.д(66.181.161.92) 2022 оны 03 сарын 07

Ум сайн амгалан болтугай

0  |  0
Top