Z MIC | Эмэгтэйчүүд бол энэ хорвоог гийгүүлэгч НАР

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 08

Өнөөдөр Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.

1857 оны гуравдугаар сарын 8-нд Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж, жагсаал зохион байгуулж байжээ.

Энэ жагсаал, цуглаанаас хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагссан юм. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихийг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас хойш жил бүрийн гуравдугаар сарын 8-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгож, эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцдэг болсон байна. 

Тиймээс бид өнөөдрийн Z MIC нэвтрүүлгээрээ эмэгтэйчүүдийн эрхийн талаар залуус ямар бодолтой болон энэ өдрийг Z үеийнхэн хэрхэн өнгөрүүлдэг тухай ярилцлаа. 


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

1. "Наашаа цаашаа" сошиал контент бүтээгч А.Жанлав, Ө.Энхмандах 

А.ЖАНЛАВ: Эмэгтэй хүн гэдэг эрэгтэй хүнийг зөөллөх гэж төрсөн байгалиас заяагдмал шинжтэй хүн гэж боддог. Эмэгтэйчүүдийн эрх олон зүйл дээр зөрчигдөж байгаа мэт санагддаг. Энэ нь тухайн нийгэмтэй болон эсрэг хүйстэнтэй нь шууд холбоотой байдаг. Эмэгтэйчүүд ч гэсэн нэгнийхээ эрхэнд халдах тохиолдол байдаг л даа. гэхдээ дийлэнх хувь нь эрэгтэйчүүдээс хамааралтай бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл их гараад байгаа юм шиг санагддаг. 

"Мартын-8"-ны баяраар Мандахаа бид хоёр ээж нарыгаа гоо сайхны газар оруулдаг. Орой гэртээ ирэхэд нь ширээ засаж, гарынхаа хоолыг хийж өгдөг. 

2. "Favway" уран бүтээлийн нэгдлийн жүжигчин Ж.Номингэрэл, Б.Номин, С.Номин-Эрдэнэ

Б.НОМИН: Эмэгтэй хүний эрэгтэй хүнээс ялгарах зүйл нь гоо сайхныг түгээж байгаагаараа илүү. "Мартын-8"-ныг бид эмэгтэйчүүдийн баяр гээд л тэмдэглэж, бэлэг өгч өнгөрүүлдэг. Гэхдээ энэ өдөр болон Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр учраас эрхийнхээ талаар ярих хэрэгтэй. Бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе. Өөрийгөө болон бусдыг хайрлаж амьдраарай. 

С.НОМИН-ЭРДЭНЭ: Эмэгтэй хүн дэлхийг зөөллөдөг, гэрэл гэгээтэй болгодог. Зөвхөн гэрийн эзэгтэй хүн хоолоо хийж, гэрээ цэвэрлэх ёстой. Эмэгтэй хүн хүүхдээ харах, хүүхдийнхээ хичээлийг хийлгэх ёстой гэх буруу хандлага нийгэмд байдаг.  Мөн эмэгтэйчүүд нэгнийхээ эрхэнд халдах тохиолдол сүүлийн үед нэлээд гарч байна. Ер нь бидний өдөр тутмын амьдралд эмэгтэйчүүдийн эрх олон янзаар зөрчигддөг. Тиймээс эмэгтэйчүүдийгээ өөрсдийгөө хамгаалдаг, эрхийнхээ төлөө дуугардаг байгаасай гэж хүсэж байна. 

Ж.НОМИНГЭРЭЛ: Эмэгтэй хүний эрх ажлын байранд их зөрчигддөг гэж боддог. Учир нь ажил хийж байгаа хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийг дээрэлхэх хандлага их ажиглагддаг юм. Яг үнэндээ эмэгтэй хүн ч гэсэн адилхан хүн. Гэтэл хүйсийн ялгаа гаргадаг. 

Жил бүрийн "Мартын-8"-наар ажлынхан болон найзууд маань намайг баярлуулдаг. Бас аав, эрэгтэй дүү хоёр маань хоол хийж өгдөг. 

Монголынхоо бүх эмэгтэйчүүддээ болон эмэгтэй хүн болохыг хүсдэг хүмүүст Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 

"Ахан дүүс" контент сувгийн уран бүтээлч Х.Алтанзагас, Э.Гүнхүсэл



Э.ГҮНХҮСЭЛ: Бурхан хүн бүхэнд ямар нэгэн зовлон заяадаг гэдэг шүү дээ. Харин эмэгтэй хүнд тэр зовлонг нугалж заяадаг. Тийм учраас тэвчээртэй, тэсвэр хатуужилтай байдаг байх. Бурхан эмэгтэй хүнд тийм их зовлон үүрүүлчихсэн байхад дээрээс нь нэмж өөр хэн нэгэн битгий зовоогоосой гэж хүсдэг. Бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ганцхан өдөртэй шүү дээ. Энэ өдөр хүмүүс гэр бүлийнхээ эмэгтэйн эрхийг хамгаалж, баярлуулж байна гэж боддог.

Цэцгийг нэг л өдөр услахгүй орхивол үхдэгтэй адил эмэгтэй хүнийг өдөр бүр хайрлаж, халамжлах хэрэгтэй. Тэдний өдөр бүхэн "3 сарын 8" байгаасай гэж хүсэж байна. 

Х.АЛТАНЗАГАС: Би эмэгтэй хүнийг ээж шигээ хүндэлдэг. Үргэлж хүндэлж баймаар гайхалтай хүмүүс гэж боддог. Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн эрхэнд халдсан олон асуудал байдаг л даа. Үүнээс миний анзаарснаар гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхэд тэр дундаа охидыг үл тоомсорлож харьцах байдал их байна. Гэхдээ нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр энэ байдал ч багасаж байгаа гэж бодож байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top