ШУА Гадаад харилцааны яамтай хамтран ажиллана

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд Монгол хэлний хуулийн хэрэгжилтийг хангах зорилт бүхий Монгол Улсын Засгийн Газрын 07 дугаар тогтоол батлагдсан билээ. Эл тогтоолд Шинжлэх Ухааны байгууллага болон Төрийн яамдуудад тодорхой үйл ажиллагааны чиглэл үүрэг өгсөн юм. Энэ чиглэлийн дагуу ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй Гадаад харилцааны яамтай гадаад дахь монгол судлалыг дэмжих, гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэлний сургалтыг дээшлүүлэх чиглэлээр тус яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булгантай уулзаж тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах санал тавьж, төлөвлөгөөгөө танилцууллаа.

Тус төлөвлөгөөнд Гадаадын монгол судлалын байгууллагуудад Монголд хэвлэгдэж байгаа бүтээлүүдийг хандивлах ажлыг зохион байгуулах, Гадаад харилцааны яамны сайд болон судалгааны байгууллагуудын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр бий болгох, Монголын соёлыг сурталчилсан өврийн номуудыг бэлтгэж хэвлүүлэх, Гадаад харилцааны яамны сайдын нэрэмжит Олон Улсын монгол хэл бичгийн олимпиад зохион байгуулах, Монгол хэлийг гадаад хэл болгон заах аргын чиглэлээр танхимын болон цахим сургалт явуулах, монгол бичгийн олон хэлний толь бичиг зохион хэвлүүлэх зэрэг ажлууд ороод байна. Мөн ойрын хугацаанд гадаад орнуудад ажиллаж байгаа 42 сургуулийн багш нарт хамтарсан сургалт, семинар зохион байгуулахаар тогтов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top