Дархан-Уул аймгийн 27 дугаар цэцэрлэгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг зохион байгуулах тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг тусгайлан бэлтгэсэн нь аймгийнхаа хэмжээнд үлгэр жишээ болж байгаа аж. Тиймээс энэхүү сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, санаа, сэдэл олгох зорилгоор сургалтын онцлог, арга барилын талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Батзаяагаас тодрууллаа.
-Хичээлийн хөтөлбөрийг амьдралд ойртуулан арга барилаа өөрчилж хөтөлбөрөө боловсруулсан нь манай уншигчдад туршлага болох байх..?
-Бага насны хүүхдийн “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр 2018 онд батлагдсан. Тухайн үед Дархан-Уул аймгийн 15 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байлаа. Мэргэжлийн арга туршлага сайтай багш нартай хамтран энэхүү хөтөлбөрийг судалж, хэрэгжүүлж үр дүнг нь мэдэрсэн. Бага насны хүүхэд их сониуч. Тиймээс сонирхолтой хэлбэрээр ямар ч сургалтыг явуулахад хүүхэд бүр өөр, өөрийн хэмжээнд хүлээн авч хөгжиж чаддаг. Сургалтыг бодит байдалд тулгуурлан дадлагаар мэдлэг олгох нь илүү чухал юм байна гэдгийг олж мэдсэн. Тиймээс зургаан сарын турш төлөвлөж, сургалтын материалаа боловсруулан хичээлийн шинэ жилээс эхлэн хэрэгжүүлж байна. Ингэхдээ манай хамт олон бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгээр хичээлээ боловсруулсан. Долоо хоногийн мягмар гараг бүрийн 16:00-16:30 цагийн хооронд сургалт төлөвлөгөөний дагуу тогтмол явагдаж байгаа. Цэцэрлэгийнхээ дэргэд “Бүжин” студийг байгуулан газар хөдлөлт, галын аюулын тухай хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхдэд зориулсан цахим контентуудыг бэлтгэсэн. Эдгээр контентуудаа “27 бүжин” цахим сандаа байршуулан сайжруулалтыг тогтмол хийж байна. Түүнчлэн “Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ”, “Гал гарсан үед авах арга хэмжээ”, “Шаардлагатай утасны дугаар”, “Үүргэвчинд байх эд зүйлсийн жагсаалт” зэрэг цахим контент, зурагт хуудас плакат боловсруулан гаргаж, сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа.
-Нас, насны онцлогт тохируулан хичээлээ боловсруулсан нь сонирхолтой байна. Мэдээллээ дэлгэрүүлбэл..?
Сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулаад багш нар маш сайн төлөвлөсөн. Хүүхдэд олгогдож байгаа мэдлэг хөнгөнөөс хүнд рүү, энгийнээс нарийн руу байхаар төлөвлөгдөх ёстой. Бага, дунд бүлэгт энгийн хөнгөн агуулгыг цөөн минутаар өгдөг бол ахлах, бэлтгэл бүлэгт хүнд нарийн болж анхаарах чадварт тулгуурлан олон минутаар хичээлээ заадаг. Мөн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн бие дээр дадлага сургуулилтыг хийдэг. Дадлагыг чанартай хүүхэд бүрт хүргэхийн тулд нэмэлт сургалтын цаг болон заах багшийг сонгон ажиллуулж байна. Тохирсон арга зүй, таатай орчин, сонирхолтой байдал хүүхдийн сурах хүслийг илүү бодит болгодог.
-Сар бүрийн 27-ны өдрийг зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах өдөр болгосон. Энэ өдөр газар хөдлөлт, гал гарсан үед үзүүлэх хариу арга хэмжээний талаарх дасгалыг биетээр хийлгэж, дадал суулгаж байна. СУУ, НУУГД, ХҮЛЭЭ зарчим, даацын хана дагаж хаалгаар гарах дадлага, хоргодох байр зэрэг ойлголтыг хүүхдэд эзэмшүүлж байгаа. Энэ хүрээнд цэцэрлэгийнхээ угаалгын өрөөг гал унтраах дадлага хийх өрөө болгон тохижуулсан. Мөн хувцас хэрэглэл, багаж хэрэглэгдэхүүнийг байршуулан бага насны хүүхэд өөрөө туршилт хийх орчин нөхцлийг бүрдүүлсэн. Харин газар хөдлөлтийн аюулын талаарх мэдээллийг хүүхдэд ойлгомжтой зурган байдлаар илэрхийлсэн тараах материал, хүүхэд хэрэглэх малгай, шүгэл, гэрэл зэргийг бэлтгэж, дадлага сургуульдаа ашиглаж байна.
-Сонирхолтой арга барилаар хичээл сургалтыг зохион байгуулж байгаад талархалтай байна. Анх хүүхдүүд хэр хүлээж авсан бэ?
Анх хүүхдийн хэрэгцээ, багш нарын арга зүйг анхааран ажиглаж ямар хэмжээнд ойлголт төсөөлөлтэй байгаад дүн шинжилгээ хийсэн. Хүүхдүүд өөрт нь аюул тохиолдсон үед ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй, өгч байгаа хариултууд нь оновчгүй байсан. Жишээлбэл, гал гарвал яах вэ хүүхдүүдээ гэж багш асуухад шатаж дуусна /үхнэ/ гэх мэт хариултыг өгч байсан. Одоо бол хүүхдүүд маань өөрийгөө хамгаална, аварна, бусдад тусална гэж хариулдаг болсон. Мөн дадлага сургууль хийхдээ маш их дуртай. Багш нараасаа ахиад хэзээ орох вэ гэж байнга асуудаг сонирхолтой хичээлүүдийнх нэг нь болсон шүү.
-Хүүхдүүдээр нь дамжуулан гэр бүлийнхэнд нь томоохон дадлага, мэдлэгийг олгож байгаа юм байна?
Бид хийсэн дадлага ажил, сургалтуудаа бүлэг бүрийн чат групп болон пэйж хуудсанд байршуулж эцэг, эхэд хүргэн ажилладаг. Эндээс бас эцэг, эх хэрхэн хүлээн авч ямар ойлголт төсөөлөлтэй байгааг олж хардаг. Эцэг, эхчүүд маш сайшаалтай хүлээн авч байгаа. Хүүхдээр нь дамжуулаад эцэг, эхэд ойлголт өгөх, тэдэнтэй хамтран ажиллаж, хүүхдийн аюулгүй байдлыг ханган, эрсдэлийг бууруулах нь зөв юм байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийнхээ дагуу дараагийн сургалтуудаа зохион байгуулахаар төлөвлөгөөг нь боловсруулж байна.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
Сэтгэгдэл ( 0 )