122-р сургууль газрын гүний дулаанаар халаалтаа шийджээ

2022 оны 03 сарын 10

Газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн нийслэлийн Ерөнхий боловсролын 122 дугаар сургууль сурагчдаа орчны бохирдолгүй цэвэр орчинд сургаж, хэрэглээний зардлаа хоёр дахин хэмнэдэг болжээ.


Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт хэрэгжиж буй ногоон сургууль, цэцэрлэгийн төслийн явц, гарсан үр дүнтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга /Ph/. Ш.Цэрэндулам, Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн (ДДНХИ) Монгол дахь суурин төлөөлөгч Аннака Питерсон ба бусад холбогдох албан тушаалтнууд танилцлаа.

Нийслэлийн  ЕБ-ын 122 дугаар сургууль нь 640 хүүхдийн хүчин чадалтай ч, өргөтгөлийн ногоон барилга ашиглалтад орохоос өмнө 2500 гаруй сурагч 3 ээлжээр хичээллэдэг байсан. Өргөтгөлийн барилгыг БОАЖЯ-ны санаачилгаар, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн (UN-PAGE) техникийн туслалцаа, АХБ-ны санхүүжилтээр барьж, 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулжээ.

Тус сургуулийн үндсэн барилгын нүүрсээр галладаг нам даралтын зуух бүхий халаалтын системийг улсын төсвийн санхүүжилтээр (Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төсөв) газрын гүний дулааны насосоор сольж, 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэг доголдолгүй, хэвийн ажиллаж байна.

Цэвэр буюу газрын гүний дулааны насосоор ажиллах уг халаалтын системийн техник, эдийн засгийн үнэлгээг ДДНХИ нь БОАЖЯ-ны захиалгаар 2018 онд гүйцэтгэсэн. Тус 3315 м2 сургуулийн үндсэн барилгад агаарын температурыг 17-21oC байлгахад 174 кВт газрын гүний дулааны насос бүхий халаалтын систем ажиллаж байна.

Халаалтын системийг ашиглалтад оруулснаар сургуулийн халаалтын сарын зардал 2.7 дахин буюу 16 саяас 6 сая төгрөг болж багасч, агаар орчинд ялгаруулах бохирдуулагч хэмжээ мөн буурчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top