Оюу толгойн шатахуун Рио Тинтогийн толгойны өвчин боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Уул уурхайн “Mining” сайтад нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Рио Тинто  Монгол дахь зэс, алтны Оюу толгой уурхайд шинэ эрсдэл үүсэхээс зайлсхийхийн тулд шатахууны өөр эх үүсвэр хайж эхлэхэд хүрээд байна. 

Учир нь, Рио Тинто групп ОХУ-ын компаниудтай байгуулсан худалдааны бүх гэрээгээ цуцалж, харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдээд буй. Ингэснээр тус компанийн Монгол дахь томоохон төсөл болох Оюу толгойд түлшний нийлүүлэлтийн хувьд эрсдэл үүсэхээр байгаа юм.

Рио Тинтогийн Зэсийн салбарын тэргүүн Б.Болд энэ долоо хоногт Хьюстон хотноо болсон эрчим хүчний форумын үеэр "Рио Тинто Оюу толгойд түлшний өөр эх үүсвэр хайж эхэлсэн ч тус компани Оросоос шатахуун худалдан авахаа бүрмөсөн зогсооно гэж бодохгүй байна. Монгол Улс хоёр том хүчирхэг хөрштэй учраас эрүүл, энхтайван, тэнцвэртэй харилцааг хадгалах нь бидний хувьд маш чухал" гэжээ.

Рио 6.93 тэрбум ам.долларын өртөгтэй  гүний  уурхайн өргөтгөлийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд хойшилсон, зардал хэтэрсэн зэрэг хүндрэлтэй  тулгараад байгаа юм. Эдгээр асуудал нь Монголын Засгийн газрын дургүйцлийг төрүүлж, уурхайн бүтээн байгуулалтын үндэс болсон 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах хүртэл асуудал яригдсан.

Хэд хэдэн яриа хэлэлцээний дараа Рио болон Монгол Улс удаан үргэлжилсэн маргааныг эцэслэх гэрээнд  өнгөрсөн нэгдүгээр сард гарын үсэг зурсан. 2020 оны арванхоёрдугаар сард Оюу толгойн далд  уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 6.75 тэрбум ам.доллар болно гэж зарласан нь 2015 оны буюу анхны тооцооноос 1.4 тэрбум доллароор өндөр байсан юм. 2020 оны сүүлээр анхны олборлолтоо хийж эхлэхээр төлөвлөж байсан ч 2022 оны аравдугаар сард болж хойшилсон нь геологийн таагүй нөхцөл байдалтай холбоотой гэж Рио Тинтогоос мэдэгдэж байгаа юм. Харин хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон нь буруу менежментээс үүдэлтэй гэж гарсан.

Оюу толгой бол Рио Тинтогийн зэсийн хамгийн чухал төсөл.  Далд уурхай ашиглалтад орсны дараа жилдаа 125-150 мянган тонн зэс олборлох бөгөөд 2025 он гэхэд хамгийн дээд хэмжээндээ 560 мянган тонныг олборлох тооцоо байгаа юм. Рио Тинтогийн мэдээлснээр далд уурхай ашиглалтад орсноор 2030 он гэхэд Оюу толгой  дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно.

Тус уурхай нь сүүлийн 10 жилийн хугацаанд олон мянган ажлын байр бий болгож, бараг гурван тэрбум ам.долларын орлогыг улсын төсөвт бүрдүүлсэн бөгөөд Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр юм. Оюу толгойн 34 хувийг эзэмшдэг Монгол Улс хойд талаараа ОХУ, өмнөд болон зүүн талаараа Хятад улстай хиллэдэг. Орос Украиныг түрэмгийлж эхэлснээс хойш “Apple”-аас эхлээд Дисней, “Ikea” зэрэг дэлхийн алдартай брэндүүд тус улсыг орхин гарч, бусад олон үндэстэн дамнасан компани, Засгийн газрууд Оросын бүтээгдэхүүнийг худалдан авахаа зогсоосон.

Рио ч гэсэн Москвагийн эсрэг авч буй  барууны хориг арга хэмжээг дагаж мөрдсөнөөр нэр хүндээ гутаалгүй авч үлдэх боломжтой гэдгийг сайн мэдэж байгаа.  Тус компанийн 2020 онд Австрали дахь 46 мянган жилийн настай аборигенчуудын агуйг нураасантай холбоотойгоор үүссэн маргаан одоо хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Мөн ажилтнуудын дунд дээрэлхэх, бэлгийн дарамт үзүүлэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл жил ирэх тусам нэмэгдэж буй тухай хөндлөнгийн байгууллагын судалгаагаар тогтоогдоод буй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top