ШУА МУИС-тай хамтран судалгаа-сургалтын ажлыг уялдуулна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи,  Монгол Улсын Их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг нар өнөөдөр үзэглэлээ. 

Энэхүү санамж бичгийн зорилго нь ШУА болон МУИС-ийн эрдмийн хамт олны  судалгааны дэд бүтцэд түшиглэн өндөр төвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх, судалгаа-сургалтын ажлыг уялдуулах, эрдэмтэд бэлтгэх, салбар дундын томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон ШУА-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон болон МУИС-ийн “Хөгжлийн стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх хүрээнд инновацын эко системийг бүрдүүлэх, өөрсдийн харьяа лабораториуд, судалгааны дэд бүтэцээ талуудын эрдэмтэд, багш, эрдэм шинжилгээний ажилтан болон ахисан түвшний суралцагсдад харилцан ашиглуулах, судалгааны ажил хийх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.  

 Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр ажиллахаар тусгажээ. Үүнд:

 

  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл дээр хамтарч ажиллах,
  • Олон улсын болон дотоодын судалгааны тэтгэлэгт хамтран төсөл боловсруулж оролцох, хэрэгжүүлэх,
  • Судалгааны лаборатори, багаж тоног төхөөрөмжийг хамтран ашиглах, мэдээллийн сангаа харилцан солилцох,
  • Салбар дундын, байгууллага хоорондын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, төсөлд оролцож байгаа ахисан түвшний суралцагсдыг хамтран удирдах,
  • МУИС болон ШУА-ийн гарааны компанийн үйл ажиллагааг дэмжихэд хамтран ажиллах,
  • Олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтарсан экспедиц, эрдэм шинжилгээний хурал  зохион байгуулах,
  • ШУА болон харьяа хүрээлэнгүүдээс ахисан түвшний сургалтад хамрагдаж байгаа эрдэм шинжилгээний ажилтнуудыг ассистентшип хэлбэрээр ажиллуулж сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх,
  • Оюуны өмч болон бусад мэдээллийн санг харилцан солилцдог болох,
  • Технологи дамжуулах нэгжүүдийн сүлжээ байгуулахаар хамтран ажиллах.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top