Энэ удаагийн “Байцаагчийн нэг өдөр” буланд Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Эрхэмбаярыг урьж, “Цахилгаан шугам сүлжээний аюулгүй байдал” сэдвээр ярилцлаа.
-Урин дулааны цагт цахилгааны гэмтлээс үүдэлтэй ослын тоо нэмэгддэг. Гарч буй осол гэмтлийн гол шалтгаан юу байна?
-Ослын гол шалтгаан нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй байдалд тавих хяналт хангалтгүй, хууль тогтоомжийг мөрдөж, хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой байдаг. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэх үүднээс дурдвал, 2019 онд Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан эрчим хүч хэрэглэгч иргэн дур мэдэн холболт хийж, шаардлага хангахгүй кабель байрлуулснаас бага насны хүүхэд хүчдэлд нэрвэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн Баянзүрх дүүрэгт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас газарт дур мэдэн буусан айлын хашаанд газар шорооны ажил гүйцэтгэх явцад механизм шугамын утсанд хүрснээр нэг айл шатаж, бага насны 2 хүүхэд хүнд бэртсэн, Өмнөговь аймагт дулааны шугамын ажлыг гүйцэтгэх явцад өргөх механизмыг цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст байрлуулж, аюулгүйн зай хэмжээг мөрдөөгүйн улмаас 3 хүн хүчдэлд нэрвэгдэж хүнд гэмтсэн осол гарсан.
Тийм учраас манай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дор бүрнээ хариуцлагатай байж, кабелынхаа аюулгүй байдлыг ханган мэргэжлийн байгууллагаар үзлэг, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөе. Эрчим хүчний тухай хуульд ч /30.1.8 дахь заалт/ цахилгаан эрчим хүч хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага өөрийн эзэмшлийн шугам сүлжээний аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй гэж заасан байдаг.
-Сая та дурдлаа. Агаарын шугамын хамгаалалтын зурвас газарт дур мэдэн бууснаас үүдсэн ослын тухай. Хамгаалалтын зурваст байрласан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Улсын хэмжээнд эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст 8100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байрлан үйл ажиллагаа явуулж байгаа тоо байна. Дур мэдэн ийм үйлдэл хийх нь өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулаад зогсохгүй шугам сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулах, өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээ хийх үед цаг хугацаа алдах, шугам таслах, гэмтээх зэрэг аваар осол гарах, хохирол үзүүлж болзошгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх, аюулгүй байдлыг хангуулах талаар тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ч хамгаалалтын зурвасын зөрчил төдийлөн буурахгүй байна. Шугам сүлжээ эзэмшигч байгууллагууд хамгаалалтын зурвас газраа баталгаажуулж, мэдээллийн санд бүртгүүлдэггүй эсвэл холбогдох шатны засаг дарга, газрын албанаас хамгаалалтын зурваст газар олгодог зөрчил дутагдал ихээр гарч, хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Иргэд газар өмчлөх, эзэмших, худалдан авахдаа өндөр хүчдэлийн шугамын доор болон ойролцоо байрлаж буй эсэхийг сайтар судалж, нягталж, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагаас тодруулга авах нь зүйтэй юм.
-Хяналт шалгалтын явцад түгээмэл илэрдэг ямар зөрчил байна вэ. Ер нь манай улсад хэдэн цахилгаан эрчим хүч хэрэглэгч байдаг юм бол?
-Улсын хэмжээнд 720 мянга гаруй цахилгаан эрчим хүч хэрэглэгч бий. 2020 оны байдлаар. Эдгээр хэрэглэгчдийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагын 29 улсын байцаагч хяналт тавин ажилладаг. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Сүүлийн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор 2976 объектод хяналт шалгалт хийснээс 452 объект их, 1001 объект дунд, 1523 объект бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байдаг. Хяналт шалгалтаар нийт 14525 зөрчил дутагдлыг илрүүлж, арилгуулсан.
Цахилгаан эрчим хүч хэрэглэгч иргэдийн /айл өрх/ хувьд шаардлага хангахгүй зориулалтын бус кабель хэрэглэх, өөрсдөө дур мэдэн кабель шугамдаа техникийн бус холболт хийх, өөрийн ачаалалд тохирохгүй кабелийг ашиглаж даац хэтрүүлэх, бусад айл өрхөөр дамжуулан цахилгааны холболт хийх, кабель шугамыг модон хашаан дээгүүр, газраар ил татах буюу байрлуулдаг зэрэг зөрчлүүд түгээмэл гардаг.
Сэтгэгдэл ( 0 )