Экспортын дүн импортоос  давж, гадаад худалдааны баланс ЭЕРЭГ гарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны 2022 оны эхний хоёр сарын гүйцэтгэлийг экспортын 17.010, импортын 37.442 гаалийн мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргасан байна. Оны эхний хоёр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2217.9 сая ам.доллар болж  2021 оны мөн үеэс 38.9 сая ам.доллар буюу 1.7 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 142.5 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.

 

Экспортод 1180.2 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.6 хувиар буурсан байна. Экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

 

Экспортын барааны нийт дүнд:

 

  • Эрдэс бүтээгдэхүүн 849.9 сая ам.доллар буюу 72 хувь; 
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 259.1 сая ам.доллар буюу 22 хувь;
  • Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл  52.0 сая ам. доллар буюу 4.4 хувь;
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 7.3  сая ам.доллар буюу 0.6 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 99.0 хувийг эзэлж байна.

 

Оны эхний хоёр сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 93.1 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 100.0 хувь, самнасан ноолуурын 88 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолжээ.

Монгол Улс дэлхийн 45 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  73 хувь, Швейцарт 21.9 хувь, Сингапурт 1.3 хувь тус тус ногдож нийт экспортын  96.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.



Импортоор нийт 1037.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 115.4 сая ам.доллараар буюу 12.5 хувиар өсжээ.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 98 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.6 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 0.8 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.02 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.

 

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:

 

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 173.5 сая ам.доллар буюу 16.7 хувь
  • Эрдэс бүтээгдэхүүн 260.0 сая ам.доллар  буюу 25.1 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 258.8 сая ам.доллар буюу 99.5 хувь),
  • Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 168.9 сая ам.доллар буюу 16.3 хувь,
  • Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 130.5 сая ам.доллар буюу 12.6 хувь,
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 79.1 сая ам.доллар буюу 7.6 хувь,
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 75.5  сая ам. доллар буюу 7.3  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 85.5 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 124 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос ОХУ-д 34.6 хувь, БНХАУ-д 27.4 хувь, Японд 8.6 хувь, БНСУ-д 4.9 хувь,   АНУ-д 2.7 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 78.3 хувийг эзэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top