Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн албан хаагчдыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагаа, шинээр нэвтэрсэн үйлчилгээг таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого ба эрх зүйн орчны танилцуулга” уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр /2022.03.12/ зохион байгууллаа.
Уулзалт, зөвлөгөөнд Монгол Улсад суугаа 28 улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас хэрэгжүүлж буй цахим шилжилт, Монгол Улсын цахим виз, виз, оршин суух зөвшөөрөл, гадаадын иргэдийн гаргаж буй зөрчил, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан байдаг. Үүний дагуу тооцож үзвэл манай улсад 100 мянга орчим гадаадын иргэн оршин суух боломжтой ч дунджаар байнга буюу жилийн 4 улиралд 17-18 мянган иргэд удаан хугацаагаар оршин суудаг баримт байдаг. Эдгээр иргэд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт батлагдахаас өмнө буюу 2020 оноос өмнө Элчин сайдын яамд, Дипломат төлөөлөгчийн газруудад өөрийн биеэр очиж виз мэдүүлдэг, Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух тохиолдолд визийн зөвшөөрлөө илгээхээс эхлээд оршин суух зөвшөөрлөө авах хүртэл Гадаадын иргэн, харьяатын газарт 5-6 удаа заавал биечлэн ирдэг байсан зэргээр багагүй хүндрэлтэй тулгарч байсан. Тэгвэл одоо хэрэгжиж буй хуулийн өөрчлөлт, цахим шилжилтийн хүрээнд гадаадын иргэдэд илүү амар хялбар, хүндрэл, чирэгдэлгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Цаашид ковидийн дараах эдийн засгийг сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулагч, хөдөлмөр эрхлэгч, жуулчдыг татах чиглэлээр та бүхэнтэй илүү нээлттэйгээр хамтран ажиллана” гэв.
Мөн гадаадын иргэд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл хэрхэн авах, ямар төрлийн оршин суух зөвшөөрлийн ангиллыг сольж болох талаар тодорхой ойлголтгүйн улмаас эрх ашиг нь хохирсон тохиолдолд цөөнгүй гарсан байна. Тиймээс Элчин сайдын яаманд ирсэн гадаадын иргэдийн хүсэлтийн дагуу албан байдлаар хандахаас гадна шаардлагатай үед шууд холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломж нээлттэй гэдгийг тодотголоо.
Уулзалтын үеэр гадаадын иргэдийн гаргаж нийтлэг зөрчил, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, виз, оршин суух зөвшөөрөл хүсэх анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчид өөрийн орны иргэдэд тулгамдсан асуудлаа тодруулж, мэдээлэл зөвлөгөө авсан юм. Мөн уулзалтын төгсгөлд Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )