МАУА-ийн ээлжит чуулганыг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж, МАУА-ийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэж сайшаан дэмжив. Түүнчлэн МАУА-ийн 2022 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, гишүүд нэмэлт санал хэлж батлав
Чуулганы хуралдааны дэгийн дагуу МАУА-ийн Ерөнхийлөгчийн 4 жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, МАУА-ийн дүрмийн дагуу шинэ Ерөнхийлөгчийн сонгууль явууллаа. Гишүүд МАУА-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр санал хэлэлцэж, академич Н.Баасанжав, Ш.Болд нарыг дэвшүүлэхээр санал гаргав. Ерөнхийлөгчийн сонгуулийг нууц санал хураалтаар зохион байгуулж, нууц санал хураалтын дүнгээр 96 хувийн саналаар МАУА-ийн Ерөнхийлөгчөөр академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Болд сонгогдлоо.
МАУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон академич Ш.Болд хэлэхдээ: “МАУА-ийн гишүүд надад итгэл хүлээлгэж ерөнхийлөгчөөр сонгосонд талархаж байна. Би үүнийг томоохон хариуцлага хэмээн харж байна. Миний бие МАУА-ийн гишүүнээр 16 жил, ШУА-ийн гишүүнээр 11 жил ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт 33 жил ажилласан байна. Надад төлөвлөсөн ажил байна. Монголын Анагаах ухааны Академийн гишүүдийн цуврал бүтээл гаргаж хэвлүүлнэ. Цуврал бүтээлд намтар, сургаал бичихгүй, түүх, хэн нэгэн хүний дурсамж бичихгүй. Зөвхөн тухайн эрдэмтний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь тодотгон бичиж, нийгэмд түгээн дэлгэрүүлэх ёстой. Энэ ажлыг юуны түрүүнд хийхээр төлөвлөж байна. Анагаах ухааны салбарын эрдэмтэд бүгд инноваци бүтээдэг, хэрэглэгчдэд хэрэгтэй зүйлийг бүтээдэг учраас энэ бүтээлийг нийгэмд таниулах ажлыг хийхээр төлөвлөж байна.
МАУА-ийг санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болох, төсөв, санхүүжилттэй байх бүрэн боломжийг нээж ажиллана. Түүнчлэн бидний хамгийн анхаарах асуудал нь гадаад харилцааг өргөтгөжүүлэн хөгжүүлэх асуудал мөн. Би академийг академик байгууллага байхаас гадна бизнесийн байгууллагын менежмент хийж болно гэж харж байна. Бид гишүүд эрдэмтдийнхээ толгойд буй ихээхэн оюуны бүтээлийг мөнгө болгох ёстой. Үүний төлөө ажиллана. Эмчилгээний болон шинэ эм гаргаж авах технологиос бид ашиг олох боломжтой юм. Мэдээж шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, ШУА-ийн өгч буй бодлогын чиглэл, МАУА-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө, дүрмийн дагуу ажиллах болно. Ахмад үеийн эрдэмтдийн уламжлалт туршлагыг авч ажиллана. МАУА-ийн гишүүд эрдэмтдийг дэмжиж хамтран ажиллахыг уриалав.
БИЛГҮҮН ОВОГТ ШАРАВЫН БОЛД
1993 онд Монгол Улсын Анагаах ухааны их сургуулийн Уламжлалт анагаах ухааны ангийг төгсөж, хүний их эмч мэргэжил эзэмшсэн.
1998 онд АУИС-д анагаах ухааны докторын, 2005 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 2006 онд дэд профессор, 2010 онд профессор цол хүртсэн. 2008 онд МАУА-ийн гишүүн, 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр тус тус сонгогджээ.
1985-1987 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Бөөр, чих хамар хоолойн тасагт асрагч, 1993-2000 онд Эрүүл мэндийн яаманд мэргэжилтэн, тамгын хэлтсийн дарга, 2000-2006 онд Монгол, Солонгосын Дорны анагаах ухааны төвийн захирал, 2006-2017 онд “Ач” АУИС-ийн Боловсрол эрхэлсэн дэд захирал, тэнхимийн эрхлэгч, 2014-2017 онд Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Боловсрол эрхэлсэн дэд захирал, тэнхимийн эрхлэгч, 2017 оноос АШУҮИС-ийн МАУОУС-ийн профессор, 2022 онд МАУА-ийн чуулганаар гишүүдийн саналаар МАУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдов. Улсад 33 жил ажилласан. Англи, төвөд, орос хэлтэй.
Бүтээлийн товчоон: Нийт 900 бүтээлтэй. Үүнээс: 90 гаруй ном, сурах бичиг, тэдгээрийн 24 нь гадаадад буюу гадаад хэлнээ хэвлэгджээ (англи хэлнээ 12 ном, япон хэлээр 1, төвөд, монгол хэлээр 9, монгол бичгээр 2 ном). 600 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж хэвлүүлсэн. 200 гаруй илтгэл, өгүүлэл нь англи, хятад, япон, солонгос, орос хэлнээ хэвлэгдсэн. Түүнчлэн стандарт- 9, санал, зөвлөмж, хөтөлбөр-18, төсөл 11-ийг хэрэгжүүлжээ. 2022 онд SCOPUS-т бүртгэлтэй IF:3.390, “International Journal of Environmental Research and Public Health” сэтгүүлд хэвлүүлсэн “Attitudes towards Mandatory Occupational Vaccination and Intention to Get COVID-19 Vaccine during the First Pandemic Wave among Mongolian Healthcare Workers: A Cross-Sectional Survey” эрдэм шинжилгээний хамтарсан өгүүлэл хэвлүүлсэн нь эхний 3 сарын дотор 517 эшлэл авагдсан байна.
100 гаруй судлаачийн докторын (Ph.D) болон магистрын ажлыг удирдаж хамгаалуулжээ.
Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ш.Болдын эрдэм судлалын ажлын үр дүн нь Монголчуудын өвөг дээдсийн хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн анагаан засах, эрүүл амьдрах урлагийг олон улсад сурталчилах, анагаах ухааны ховор ном судрыг судалгааны эргэлтэд оруулах, эмч нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, анагаах ухааны салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, хүн амд өвчингүй эрүүл амьдрах мэдлэг, дадал, амьдралын зөв хэвшил, хандлагыг бий болгох, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар төр, засгаас явуулж буй үйл ажиллагааг дэмжихэд дорвитой хувь нэмэр оруулсан бүтээлүүд юм.
Сэтгэгдэл ( 0 )