Монгол Улсад ардчилсан нийгмийг цогцлоон бүтээхэд сэтгүүл зүйн салбар ямар том үүрэг гүйцэтгэсэн билээ. Гэтэл өдгөө ардчилал маань өөрийг нь өсөн бойжиход хамгийн том тулгуур болсон сэтгүүл зүйн салбараа яасан их боомилно вэ. Ерөөсөө үе үеийн эрхтэн дархтанууд сэтгүүл зүйг өөрсдийнхөө талд хазаарлахыг чухалчилж ирсэн нь туйлын үнэн.
Хэтдээ ч ингэсээр байх бололтой. Ардчиллыг өмчлөх гэж дотооддоо төдийгүй олон улсад хөгөө чирж байгаа АН ч бай, нэрнээсээ бусдыг ардчилсан харагдуулахыг хүсч буй МАН ч бай бүгд л хэвлэлийн эрх чөлөөнд ил далд халдсаар ирсэн нь хаашаа ч нуух аргагүй зүйл.
Шар хэвлэлийн зах зээл өндөр авч байх цагт “Хаан” явсан Н.Энхбаярыг 27 хэвлэл мэдээллийн байгууллага “Оны онцлох”, “Шилдэг улстөрч” гэх мэт өргөмжлөлөөр нэгхэн жилийн дотор тунхаглан зарласан байдаг. Хэвлэл мэдээллийнхэн Н.Энхбаярт хайртайдаа бус, тэр нь ч мундагтаа биш үйл ажиллагаагаа хаалгах вий гэхдээ “Хаан”-даа тал зассан нь энэ. “Хаан” маань өөрийг нь болон гэр бүлийг нь сөрөг талаас мэдээлсэн хэвлэлийг “Нүцгэн бие, садар самуун сурталчиллаа” гэх мэтээр шалтгалан хааж байсан.
Нэгэн үе Н.Алтанхуяг өөрийнх нь “Хаан жимс” амралтын бие засах газрын бохир ундны эх үүсвэр рүү цутгаж байгааг баримтаар дэлгэсэн сайтыг хаан, амыг нь барьж байсан баримт халуунаараа байна. Өнөөдөр ч энэ байдал хэвээрээ байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Капитал банкнаас гурван тэрбум төгрөгийн зээл авсан” хэмээн бичлээ гэж хэвлэл мэдээллийн байгууллагаас “Гурван тэрбум төгрөгтэй тэнцэхүйц мөнгөн нэхэмжлэл гаргах”-аа өөрийн цахим хуудсаар илэрхийлжээ.
Өөрөө сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан нэг муу орон зайгүй УИХ-ын гишүүн ингэж байхаар бусад нь ч аргагүй юм байх. Хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх мөнгөн дүнтэй сонгуульд хоёр удаа өрсөлдөж ялалт байгуулсан М.Оюунчимэг гишүүнийг компанитай гэж сонсоогүй. Ямар нэг бизнес хийдэггүй М.Оюунчимэг ямар эх үүсвэрээр энэ их мөнгийг босгож байгааг гаргаад тавьчих эх сурвалж сэтгүүлч бидэнд байж таарна. Үүнийг шалгуулах шаардлага ч гарч мэдэх юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )