Элчин сайд Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Хорхе Феррер Родригесийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2022.03.15/ хүлээн авч уулзлаа. Элчин сайд ноён Хорхе Феррер Родригес Монгол-Кубын харилцаанд эрүүл мэндийн салбар чухал байр суурь эзэлдэг уламжлалт салбар болохыг онцлон тэмдэглээд Кубын анагаах ухаан, ялангуяа биотехнологийн дэвшлээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, хуваалцах сонирхолтой байгаагаа илэрхийлж, тодорхой асуудлаар санал дэвшүүлэв. Тэрбээр Куба Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээг танилцуулж, түүнчлэн тус улсын биотехнологийн компаниудын хөгжүүлсэн вакцинуудын талаар мэдээлэл өгөв.

 

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинээр томилогдсон Элчин сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэхийн сацуу өнгөрсөн оны 4 дүгээр сард байгуулсан хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын Хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан чиглэлүүдээр хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх эрмэлзлэлтэй байгаагаа дахин нотлов. Дээр дурьдсан Санамж бичгийн хүрээнд хоёр улсын Эрүүл мэндийн яамд халдварт болон халдварт бус өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, анагаах ухаан, эм зүй, биотехнологийн судалгаа, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 цар тахлын дотоодын нөхцөл байдал хийгээд цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, нэн ялангуяа вакцинжуулалтын хамрагдалт, үр дүнгийн талаар танилцуулж, улмаар Эрүүл мэндийн яамд хоорондын анхны Зөвлөлдөх уулзалтыг энэ ондоо багтааж зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top