Төлбөрийн тэнцэл 340.9 сая ам.долларын АЛДАГДАЛТАЙ гарлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны нэгдүгээр сард 402.7 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 350.7 сая ам.доллароор буюу 7.7 дахин өсжээ.

Алдагдлын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд, барааны худалдааны алдагдал 251.5 сая ам.доллароор, анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеэс 60.8 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Тодотгоход, Төлбөрийн тэнцэл гэж аливаа улсын эдийн засгийн харьяатын гадаад эдийн засагтай буюу эдийн засгийн харьяат бустай тодорхой хугацаанд хийсэн худалдаа, үйлчилгээ, хөрөнгө, санхүүгийн болон бусад урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлдэг.

Түүнчлэн үйлчилгээний худалдааны орлого 2022 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 52 сая ам.доллар, зарлага 170.2 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеэс 9 сая ам.доллароор буурсан бол зарлага 33.9 сая ам.доллароор өсжээ. Үйлчилгээний худалдааны алдагдал  нэгдүгээр сард, өмнөх оны мөн үеэс 42.9 сая ам.доллароор өсөж, 118.2 сая ам.доллар болжээ

Хөрөнгийн данс  нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 3.4 сая ам.доллароор буурчээ.

Санхүүгийн дансны тэнцэл 2021 оны нэгдүгээр сард 73.1 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2022 оны нэгдүгээр сард, өмнөх оны мөн үеэс 179.4 сая ам.доллароор өсөж, 106.2 сая ам.долларын ашигтай гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top