Ц.Билэгтсайхан: 1,2 сая тун вакцины хугацаа ирэх сард дуусна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханаас коронавирусний тархалтын талаар тодрууллаа. 

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт 2599 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Түүний өмнөх долоо хоногт 4772 бүртгэгдэж байсан. Буурсан гэдэг хандлагыг тодорхойлохдоо хэд хэдэн шалгуураар гаргадаг. Шинээр бүртгэгдэж байгаа тохиолдол болон шинжилгээгээр эерэг илрэх хувьд өнгөрсөн долоо хоногт 3 хувь, түүний өмнөх долоо хоногт 5 хувь бүртгэгдэж байсан" гэдгийг онцоллоо. Ингээд дараах асуултад хариулт авсан юм. 

-Халдварын тархалт буурахаас гадна эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн илэрч байх шиг байна?

-Омикрон хувилбарын тухайд дельта болон альфа хувилбарыг бодвол эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн байсан. Гэхдээ бодит байдал дээр маш хүнд, хүнд хүний тоо буураагүй. Үүнийг дагаад нас баралтын индекс 0,23 хувь болсон байна. Дельта хувилбарын хувьд 0,29 байсан. Орон нутаг тэр дундаа Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Орхон аймагт нас баралтын индекс өндөр байна. 

-Ихэнх эмнэлэг ногоон бүс болсон байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ор зохицуулалтын багуудыг буусан. Гуравдугаар давлагааны үед хамгийн ихдээ 22-23 мянган ор дэлгэсэн. Омикрон хувилбарын үед 12  мянган ор дэлгэсэн.

Одоо бол ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II” төвд ковидтой өвчтөн авч байна. Бусад эмнэлгийн тухайд үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа. 

-Монгол Улс Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, хилээ нээсэн. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад ирж, вакцинд хамрагдахыг уриалсан. Одоогоор вакцинд хамрагдахаар зорьж ирсэн жуулчин байна уу?

-Засгийн газрын тэргүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр ямар нэгэн хязгаарлалт бүрэн цуцлагдсан. Гэхдээ хувь хүний халдвар хамгааллын дэглэм хэвээр мөрдөгдөж байгаа. Дархлаа сэргээх III тунг сая гаруй иргэн, IV тунг 100 гаруй мянган хүн хийлгэсэн. Мэдээж Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинжуулалтад хамрагдах бүрэн боломжтой.

-Нөөцөд байгаа Файзер вакцины хугацаа дуусч байгаа байх?

-Вакцины нөөц бол хангалттай байгаа. Гуравдугаар сарын 31-нд дуусах 1700 тун вакцин, дөрөвдүгээр сарын 30-нд дуусах 1,2 сая тун гэх мэт долдугаар сар хүртэл 1,7 сая тун вакцины нөөц байгаа. 
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top