БОАЖЯ: Цуврал хэлэлцүүлгийн үр дүнгээс танилцуулж байна

2022 оны 03 сарын 15

Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох цуврал хэлэлцүүлгийн үр дүнгээс мэдээллийг хүргэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өмнөх 3 удаагийн хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос гарсан санал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд дараах ажлуудыг онцолж байна.

Үүнд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас “Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, амралтын газрын тодорхой шаардлага хангасан ажилтанд байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын нэгдсэн цэг тогтоолгох, зориулалтын газарт хаяж байгаа эсэхийг шалгах, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий “Идэвхтэн байгаль хамгаалагч”-ийн эрх олгох, үнэмлэхжүүлэх чиглэлийг 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 34 хамгаалалтын захиргаадад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудын газар ашиглах, эрх сунгуулах хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэлээ.

Гадаадын жуулчдад үйлчилгээ үзүүлдэг зочид буудал, жуулчны баазыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас үе шаттайгаар чөлөөлөх, “Ковид-19” цар тахлын дараа аялал жуулчлалыг хурдан хугацаанд сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2024 оныг дуустал татварын зарим хөнгөлөлт үзүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлээд байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож буй Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо, их сургуулийн багш, эрдэмтдийн зүгээс аялал жуулчлалын салбарт эн тэргүүнд шийдвэрлэх асуудлыг “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн дутагдал, боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэж тодорхойлохын зэрэгцээ энэ асуудлыг шийдвэрлэхэд салбар дундын зохицуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгааг онцлов.

Дараагийн хэлэлцүүлэг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09.00-13.00 цагийн хооронд Аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн оролцоотойгоор зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top