Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өчигдөр (2022.03.15) нээлтээ хийж, гишүүдийн ирц 80.1 хувь байлаа.
Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, УИХ-аас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар оролцлоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн УИХ хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиуддаа хүний эрхийг амин сүнс болгон суулгах, хөгжлийн монгол загвар бий болгож, эдийн засгийн Шинэ сэргэлтийн замд орох талаар дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайх болно” хэмээн онцолсон юм.
Тэрээр парламентын төгөлдөршил буюу парламентын ардчиллыг төлөвшүүлэх арга замыг дөрвөн хэлбэрээр тодорхойлсон.
Нэгдүгээрт: Парламентын засаглалыг сонгон замнасан өнгөрсөн 30 жилд бид туршлага, сургамжийн аль алиныг хуримтлуулсан. Сонгуулиар засаг төрөө эмхлэн байгуулдаг, олон намын төлөөлөлтэй, ардчилсан парламентын засаглалд эргэлт буцалтгүй шилжсэн нь яахын аргагүй том ололт. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйлийг засаж сайжруулсан бөгөөд УИХ-ын гишүүд томилох, томилогдох болон төсвийн эрх мэдлээсээ татгалзаж, Засгийн газрын тогтвортой байдалд УИХ-ын зүгээс нөлөөлөх нөлөөллийг эрс багасгаж чадсан. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль нь шударга ёсыг тогтоох, төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх амин чухал зорилтыг хэрэгжүүлэх чухал арга хэрэгсэл юм.
Хоёрдугаарт: Парламент ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлөх учиртай. Бид ард түмний төлөөллийг хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа юу. Нийгмийн бүхий л ашиг сонирхлын бүлэглэлүүдийг бүрэн төлөөлж чаддаг уу, иргэдийн засаглах эрхийг эдлүүлж чадаж байгаа юу гэвэл бүрэн хангалттай биш байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байж болох ч одоо мөрдөгдөж буй эрх зүйн тогтолцооноос нэлээд хэмжээгээр хамаарч буйг хэлэх хэрэгтэй.
Тухайлбал, сонгуулийн тогтолцооны асуудлыг дурдаж болно. Тиймээс сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадамжийг хангасан тогтолцоог сонгон хэрэглэх нь парламентын төлөвшил, төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон.
Гуравдугаарт: Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байсан бол одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Энэ хэрээр төлөөллийн чадамж суларсан. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсон гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр улс төрийн намуудын саяхны зөвлөгөөнөөр улс төрийн намууд санал нэгтэйгээр гаргасныг энд онцлон тэмдэглэж байна.
Дөрөвдүгээрт: Парламентад цахим шилжилт хийх нь зайлшгүй зорилт мөн. Хуралдааны ирцэд гишүүдийг бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ ашигладаг болсноор “төгөлдөр хуурддаг” буруу үзэгдлийг бүрэн халсан. Үр дүнд нь хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага эрс сайжирсан. Цаашид нүүр таньдаг системийг суурилуулахаар ажиллаж байна. Цаашид бид хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх, хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомж, судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагаандаа цахим технологийн боломж, инновацыг шингээх нь ард түмний засаглах эрхийг хангасан парламент болж төгөлдөржихөд нэн чухал ач холбогдолтой” хэмээн тодотголоо.
Энэ удаагийн хаврын чуулганаар нийт 55 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Эдгээрээс Боловсролын багц хуулийн төсөл, Газрын тухай багц хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг олон чухал хуулийн төслийг багтаж буй.
Ташрамд дурдахад, УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ 75 өдөр чуулж, Байнгын хороод 97 удаа, дэд хороо тав, түр хороо есөн удаа хуралдсан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх чухал алхам хийн, 16 анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга, олон улсын таван гэрээ, хэлэлцээр соёрхон баталжээ. Түүнчлэн УИХ-ын 39 тогтоол баталсныг УИХ-ын дарга онцолсон юм.
Т.ДАРХАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )