Улсын эмнэлэгт үзүүлэх нэг хэцүү, үзлэгт орсон ч хэвтэн эмчлүүлэх бүүр нэг хэцүү болоод удсан. Энэ нөхцөл байдалд иргэд дасан зохицсон тул байх ёстой үзэгдэл мэт хүлээн авах боллоо.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникд үзүүлэх дараалал зургаадугаар сар хүртэл дүүрч цаашлаад тархины цахилгаан бичлэг хийлгэхийн тулд 2023 оныг хүлээх гэх мэт уртаас урт хүлээлт үүссэн. Үзлэгт орох, хэвтэн эмчлүүлэх дараалал цаг алдаж өвчнөө хүндрүүлэх нэгэн үндэс болж буй учир иргэд аль боломжоороо хувийн эмнэлэг болон лабораторид хандаж байна.
Улсдаа ганц гэж нэрлэгдэх Сэргээн засах клиник эмнэлгийн үүдэнд олон цагаар дугаарлан зогсох настай хүмүүс манай редакцад санал гомдлоо илгээлээ. Тэдний санал гомдлын дагуу тус эмнэлгийн үүдэнд очвол 08.30 цагаас эхлэн дугаарласан ч хэвтэн эмчлүүлэх зөвшөөрлөө авч чадаагүй хоцорсон арваад настан хүйтэнд жиндэн зогсож байв. Тэд ихэвчлэн нуруу, бөөрний өвчтэй бөгөөд сувилалд хэвтэж биеэ тэнхрүүлэх гэсэн ч хэдэн цагийн турш хүйтэн газар суух суудалгүй дугаарлаж зогссоноор биеийн зовуурь нь олширсон шинжтэй ёозгүй харж байлаа.
Сувилалд хэвтэн эмчлүүлэх гэж дугаарлах настангуудын нэг болох Ж.Дамдин “Өглөө эрт Зүүн салаанаас ирсэн. Энэ сарын 11-ний өдөр хэвтэх бичгээ авчраад лавлах гэтэл 15-ны өдөр бүртгэнэ гэж хэлсэн. Улмаар даваа гарагт буюу 14-ний өдөр утас руу нь залгасан боловч аваагүй. Өчигдөр мөн л өглөө эрт залгалаа. 10.00 цагийн орчимд аргаа бараад үүдэнд ирж дугаарласан ч утсаа авахгүй, хаалгаа нээхгүй таг чиг хэвээрээ байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн анхааралд гэсэн зарлалаа авч хаяад оронд нь ор дууссан гэсэн бичиг наасан байсан” гэж нөхцөл байдлаа тоочсон юм.
Тус эмнэлэг 95083535, 95083636 хоёр дугаараар дөрөвдүгээр сарын хэвтэн эмчлүүлэх дарааллыг 09.00 цагаас тасралтгүй бичиж байна хэмээсэн тайлбарыг цахим хуудастаа байршуулжээ.
Настангууд гуравдугаар сарын 15-наас өмнө лавлах утас руу нь холбогдохдоо хэрхэн бүртгүүлэх, ор авах талаар лавлахад “Бүх ажил цахимаар явагдана. Та гуравдугаар сарын 15-ны 09.00 цагаас эхлэн утсаар холбогдон бүртгүүлнэ” гэж тайлбарлажээ. Гэвч иргэд тус өдрийн өглөөнөөс эхлэн залгасан ч зарим тохиолдолд 20, 30 удаа залгасан утсаа авахгүй байх тохиолдол үүсчээ. Тиймээс тэд биеэр ирж эмнэлгийн ажилтнуудтай уулзах гэсэн боловч хоосон хаалга мөргөсөн байна.
Мөн тус эмнэлэг сар бүрийн нэг л өдөр хэвтэн эмчлүүлэх иргэдийг бүртгэдэг. Улсдаа ганц учраас тухайн өдөрт монголын өнцөг булан бүрээс хүн залгаж ачаалал үүсгэх нь тодорхой. Цахим үндэстэн болсон, бүхнийг цахимаар шийднэ гэж ярьдаг боловч бодит нөхцөл дээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зөвшөөрөл авах 2000 оны эхэн үетэй адил байна.
Сэргээн засах клиник гэсэн нэрээр интернэтээс хайж үзвэл цахим сайт байв. Гэвч засвартай тул ажиллахгүй хэмээн алдаа заажээ. Гуравдугаар сарын 15-ны өглөө 09.00 цагийн орчимд тус эмнэлгийн үүдэнд 70-80 орчим хүн дугаарлаж байсан аж.
Гадаа хаврын салхи нэвт үлээсэн жавартай байгаа тул хөл муутай, настай хүмүүс удаан хугацаанд дугаарлаж зогсож чадахгүй. Эмнэлгийн эмчилгээ, сувилгаа маш сайн хэмээн хүмүүс ам сайтай байдаг ч өвчтөнүүдээ хүлээн авах үйл явц нь өнгөрсөн зуунд гацсан байгаа нь олны хэл амны бай болж дууслаа. Засгийн газраас цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн бүх хориог цуцалсан. Улс даяар гамшгийн шар түвшинд шилжсэн энэ үед үүд хаалга дангинатал түгжсэн өөр эрүүл мэндийн байгууллага алга. Мөн эргэлтийн хаалгаа ч түгжиж, ариун цэврийн өрөөнийхөө умгар цонхоор эмчлүүлэгчдийн эргэлтийг оруулж байгаа нь гайхширал төрүүлмээр.
Гадаа дугаарлаж зогсох иргэдийн зарим сүйхээтэй нь арга сэдэн байж ганц удаа утсанд нь холбогдож ярьсан боловч ор дууссан, хоёр хүн бүртгэсэн гэдгээс өөр хариуг эмнэлгийн зүгээс өгөөгүй байна. Өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвөөсөө 13А маягтаа авч, хэвтэх шаардлагатай гэж өөрсдийгөө хангалттай нотолсон иргэд даатгал төлснийхөө шанд жилдээ ганц сувилуулах боломж алга.
Өглөөнөөс хойш үүдэнд нь ирж дугаарлаад, утсаар 20, 30 цаашлаад 100-аас дээш удаа залгасан ч хэвтэн эмчлүүлэх зөвшөөрөл аваагүй хүмүүс олон байна. Бүүр 300 удаа залгаж байж хэвтэх болсон иргэн ч байх аж. 70, 80 нас гарсан хүмүүс тийм олон удаа уйгагүй залгаж чадахгүй. Цахим системээ хөгжүүлж, амар аргаар бүртгэж чадахгүй бол ядахнаа гадаа хүйтэн байхад хөл муутай, нас өндөр болсон хүмүүсийг үүдэндээ тухтай суулгаж дараалал бичиж чадахгүй эрүүл мэндийн байгууллага болон НЭМГ энэ асуудалд анхаарах цаг нь болжээ.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
bas shudnii tov gej aihtar hetsuu gazar bna tsahimaar uzlegiin tsag avna geh bolovch erduu bolohgui ooriin bieer yavaad ochihoor hooson shahuu l baitsgaaj bdag gants bgaa tovoo uil ajillagaag ni saijruulj irgeded arai hurdan shuurhai oir uilchilgee uzuuldeg bolgomoor bnaa
Jitiin bidend olddog suvilal hovor.ter darga tsergiig n soliul yaasiin.bugd ari8n haalga tanidag meddeg humuuseer ochij hevtdeg gazar daa.Ard jiriin irgededee uilchilj chadahgui bol ter dargA ajlaa ogoo
Улсын эмнэлэгүүд бүгд ийм бгаашд шүдний төвийн үйл ажиллагааг сайжруулна уу эмсайдаа
Цахим үндэстэн болсон, бүхнийг цахимаар шийднэ гэж ярьдаг боловч бодит нөхцөл дээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зөвшөөрөл авах 2000 оны эхэн үетэй адил байна. 1980 оныхоос дор болсон ...
манай төрийн байгуулагууд бүгд ийм маягтай байдаг ....3,5,7 -гоор эхэлсэн суурин утасны дугаар тавьчихаад түүнийгээ авдаггүй авсан ч олигтой хариу өгдөггүй..утасаа тасдана ... маш хэцүү..үүрэн телефоны утас / дугаар /тавих хэрэгтэй тэгээд хариуцлагатай байх хэрэгтэй ..
Үнэн дампуу уим даа
Бүх эмнэлгүүд ийм байгаа. Ялангуяа дарга нарын гэдэг 2 эмнэлгийн эмч Жаргалсайхан гэж эмэгтэй аймаар хүнд сурталтай. зүрх нь зогсчихгүй, би ямар хамаатай юм гэж хэлдэг юм байна лээ