Дорноговь аймаг бол байгалийн сайхнаасаа гадна Говийн ноён хутагтаараа нэн алдартай. Говийн ноён хутагтын тавдугаар дүр болох Данзанравжаагийн байгуулсан Дэлхийн энергийн төв, Хамрын хийд, Өвгөн суварга тийш зорих хүмүүсийн цуваа үл тасарна. Ноён хутагтын өвийг хамгаалах, тээх удмын үүрэг даалгавартай Тахилч З.Алтангэрэл агсны хүү өдгөө ч энэ үүргээ нэр төртэй биелүүлж яваа.
Тэгвэл энэ хутагтынхаа үүсгэн байгуулсан хийд, энергийн төвийн тухай зорьж ирсэн хүмүүс чин сэтгэлээсээ танилцуулж, их өвийг нь түмний сэтгэлд амилуулж яваа өвгөн хөтөч бас бий. Тэрээр өдгөө 70 насыг шүргэж яваа ч алхаа гишгээ хөнгөн, ухаан санаа саруул, үг хэл мэргэн цэцэн нь гайхамшигтай.
Дорноговь аймгийн Сайхандулаан сум буюу “Хуульч” Сандагийн нутгийн тэрээр Хамрын хийд орчимд нутаглаад 24, хөтөч, тайлбарлагч хийгээд 15 оныг үдсэн гэнэ лээ. Энэ бүхнээ өөрийн хүсэл сонирхол, чинхүү сүжигээр хийдэг бөгөөд З.Алтангэрэл тахилчийг дагаж чамгүй ихийг сурчээ. Зорьж очсон хүмүүст тухайн газрынхаа үүх түүхийг нэг бүрчлэн тайлбарлаж, зан үйлийг хэрхэн хийх дарааллыг хэлж өгнө. “Их үгээр чалчиж явахаас Эгшиг дуу дуулах эрдэм заяагаагүй” хэмээн хэлж, бусдыг хөгжөөж зогссон тэрээр Үлэмжийн чанар дууг орчин үеийн аялгуугаар нь хүмүүс дуулахад хуучны ая дангаар нь засан дуулж, түрлэг өргөж ч зогсоно лээ. Яг л ийм халуун дотно сэтгэлтэй хүмүүс Ноён хутагтын их өвийг хамгаалан тээж, хайрлан дуулж, бусдад түгээн дэлгэрүүлж байгаа нь бахдалтай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )