ДУНДАЖ ЦАЛИН: Уул уурхайнх хамгийн их буюу 3.2 сая төгрөг байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний хоёр сарын статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.

 

Мэдээллээс дундаж цалингийн үзүүлэлтийг хүргэе.

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 46.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 719.3 мянган ажиллагч хамрагджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1.9 (4.3%) мянгаар, өмнөх улирлаас 315 (0.7%)-аар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.7 (4.0%) мянгаар, өмнөх улирлаас 6.8 (1.0%) мянгаар өсжээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 1.5 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.

2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажиллагчдын сарын медиан цалин 1068.1 мянган төгрөг гэсэн үзүүлэлт гарчээ.  Медиан цалин гэдэг нь ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.2 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 967.9 мянган төгрөг байгаа аж.

Аж ахуйн нэгж байгууллагад  ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2021 оны дөрөвдүгээр улиралд 2015 оноос 65.6 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 16.9 хувиар нэмэгджээ.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчтай байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 889.1 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 1.2 сая төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.3 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.5 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 2.0 сая төгрөг байна.

Сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.7 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 811.4 мянган төгрөг буюу хамгийн бага байна гэсэн мэдээллийг өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top