Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Ганпүрэвийг урьсан юм. Тэрбээр Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албанаас ажлын гараагаа эхэлж, Онцгой байдлын байгууллагадаа 26 дахь жилдээ ажиллаж байна.
-Хүний амьдралын 26 жил гэдэг багагүй хугацаа ч эргээд бодоход “Саяхан л энэ газрын босгоор учраа мэдэхгүй хүүхэд алхаж байсан даа, цаг хугацаа ийм хурдан өнгөрсөн билүү” гэж бодогдох нь бий. Тэр цаг хугацааг нэхэн дурсвал, тэр дундаа анх шүхрээр буухад төрж байсан мэдрэмжийг нэхэн санах гэвэл мартагдсан болов уу?
-Мартагдаагүй шүү. Анх ажилд ороод авч байсан ахлагчийн үнэмлэхний аймаар урт нэрийг ч би одоо санадаг. Архангай аймгийн Ардын депутатын гүйцэтгэх захиргааны дэргэдэх Цагдан сэргийлэх хэлтсийн харьяа Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба гээд. 1990 оны зургадугаар сард 10 дугаар ангиа төгсөөд, тэр оныхоо 10 дугаар сард энэ албанд шүхэрчин-гал сөнөөгчөөр ажилд орж байлаа. Тухайн үед гал сөнөөгч, шүхэрчин-гал сөнөөгч гэж 2 ангилдаг байсан юм. Шүхэрчин-гал сөнөөгч нь байлдагч цолтой, улаан мөрдэстэй. Мөрдэс дээрээ “Ш” үсэгтэй. Тэр нь шүхэрчин гэсэн тодотгол нь. Нөгөө гал сөнөөгч нь болохоор цулгай улаан мөрдэстэй байсан юм.
Би аравдугаар ангиа төгсөөд хуваарьгүй хоцорчихсон. Тэгээд цэрэгт явна гэсэн бодолтой байж байтал манай арын хашааны ах надаас нэг жилийн өмнө сургуулиа төгсөөд Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албанд орчихсон байж таараад “Манайд хүн авах гэж байгаа. Чи шүхэрт орохгүй юу. Шалгалтыг нь өгөөд үз” гэснээр шалгалт өгч тэнцэж, 1990 оны 10 дугаар сарын 23-нд тушаал гарч Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албанд ороод, 1991 оны 3 сарын 16-нд хамгийн анхны шүхрийн буултаа хийж байсан юм.
-Та нарыг тухайн үед анги дээрээ дагалдан маягаар бэлтгэдэг байсан уу, эсвэл курсэд явуулдаг байв уу?
-Тэр жил орсон хүмүүсийг аймагтаа бэлтгэсэн. Өмнө нь хотод Иргэний хамгаалалтын газартаа 45 хоногийн курсээр бэлтгэдэг байсан юм. Гэтэл 1991 оноос хотод бэлтгэхээ больчихсон. 90-ээд оны эхээр эдийн засгийн хувьд ч хүндхэн жилүүд байсан даа. Тэгээд ч тухайн үед орон нутагт онгоц байдаг байсан юм. Манай аймаг л гэхэд гурван онгоцтой байсан. Тиймээс бид дадлага, сургуулилт, бэлтгэлээ аймагтаа хийсэн.
Анх шүхрээр буухад их сонин шүү. Газарт байхдаа айгаад байгаа юм. Гэтэл яг онгоцондоо суугаад агаарт хөөрөөд л өнөө айдас маань байхгүй болчихсон. Одоо ингэж үсэрнэ, шүхрээ ингэж дэлгэнэ гээд хэрхэн үсрэх тухай бодоод эхлэхээр айдас маань үргэчихсэн байсан. Тэгээд л за гар гэхээр нь үсэрсэн. Онгоцноос гараад нэг тийм битүү орчинд орчихсон. Шүхэр задраад, агаар дээр тогтчих шиг болсон. Ингэж л юугаа ч мэдэхгүй амьтан бууж ирж байлаа, анх удаа. Түүнээс хойш 200 гаруй шүхрийн буулт хийсэн байна. Түймрийн голомтод 20 гаруй удаа буусан байна. Цэнхэр сум руу хамгийн анх удаа түймэрт явсан санагдаж байна. Айлуудтай ойрхон буусан юм. Үхэр гэдэг чинь дээшээ хардаггүй амьтан юм билээ. Хажууд нь буухад л сая үргэж байгаа юм чинь.
-Тухайн үед шүхэрчин-гал сөнөөгчид ой хээрийн түймэрт, гал унтраах ангийнхан болохоор обьектын түймэртээ явдаг байсан бил үү?
-Яг тийм. Нэг даргатай хэрнээ тусдаа үйл ажиллагаа нь явдаг байсан. Шүхэрчин-гал сөнөөгчид өдрийн найман цагаар ажиллана. Гал сөнөөгчид маань яг одоогийнх шигээ ээлжээр ажилладаг байсан. Сүүлдээ шүхэр нь Иргэний хамгаалалт руугаа ороод, Байгалын гамшигтай тэмцэх салбар болоод, отряд болоод үйл ажиллагааны хувьд ч нэлээд өөрчлөлт орсон. Уснаас эрэн хайх, аврах ажиллагаанд явдаг болсон гэх мэтээр.
-Тэгвэл шүхэрчид ой, хээрийн түймэр унтраах дадлага сургуулийг хэрхэн хийдэг байсан юм бэ?
-Хээрийн дадлага сургууль хийнэ гэсэн юм байхгүй шүү дээ. Харин онолын хичээл их ордог байсан. Шатах материал гэж юу юм бэ, юунаас болж гал түймэр гарах вэ, ямар үед гуу жалга руу орж түймэр унтрааж болохгүй вэ гэх мэтийг бүгдийг онолоор заана. Тэгээд шууд практикт түймэртэйгээ үзнэ шүү дээ. Ажлын талбарт удаан жил ажиллаад туршлагажсан ах нар бидэнд зааж сургана. Ер нь бүлэг дотор олон жил ажилласан туршлагатай 2-3 хүн заавал байна. Тэр хүмүүст шинэ хүүхдүүдийг даалгаж өгнө. Шинэхэн байхад өнөө ах нараа л дагаад гүйгээд байна шүү дээ. Тэгж л суралцсан.
-Магадгүй дуудлага болгон өөр өөр түүх, дурсамж, сургамж үлдээдэг байх. Гэхдээ тэдгээрийн дундаас онцлох дуудлага заавал байдаг санагддаг?
-Үндсэндээ 24 цаг хэлэн дээрээ юу ч тавихгүй явж үзсэн. Миний хувьд хэлэн дээрээ юу ч тавихгүй 24 цагаас илүү явж чадахгүй л юм билээ. Босохоор толгой эргээд л, хөдлөхөөр л хамаг биеийн шөрмөс татчихаад… Тэгж явж үзсэн.
-Хэдэн оны, ямар дуудлага юм бол?
-1994 онд Мандалд гарсан түймэр дээр бид шүхрээр буусан юм. Буучихаад бүгдээрээ түймрээ унтраагаад байж байтал нөгөө талын хэсэг нь цаашаа бүүр уул даваад явчихаж. Тэгээд л түймрээ хөөгөөд явсан нь тэр. Шүхрээр буусан хүмүүст чинь машин унаа байхгүй шүү дээ. Шүхрээ айлын гадна орхиод, релогоо үүрээд алхаж байгаа юм. Ингээд хэдэн уул даваад явчихсан хүмүүс чинь дахин өнөө уул нуруудаа давж буцаж хоол унд иднэ гэж байхгүй. Ингэж явсаар 24 цаг хоол ундгүй явчихгүй юу.
Угтаа бол шүхрээр очоод буучихсан тохиолдолд түймрийн голомт нэг их томроогүй байдаг учраас ёстой тохомын чинээ байхад нь дараад авдаг юм. Салхи ихтэй үед бол ингээд жаахан томруулаад, хол явчихдаг талтай л даа.
-Гал түймэртэй тэмцээд, суралцаад явж байтал байгууллагад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдээд аврах ажиллагаанд явдаг боллоо. Ямар санагдаж байв?
-Миний хувьд аймгийн төвөөс баруухан урагш Тамирын голоос нэг цогцос гаргах ажиллагаанд анх явж байлаа. Дуудлагаар яваад ирсэн чинь Тамирын гол тунгалагхан болохоор метр гаруйн доор нэг хүн байгаа нь харагдаж байсан. Бургасанд хөл нь тээглээд гарч чадаагүй юм билээ. Ингээд бургасаар дамжиж очоод, өнөө хүнээ авахаар болсон. Анх удаа усан дотор байгаа хүний цогцост хүрэх чинь их эвгүй юм билээ. Гар хүрээд л өөрийн мэдэлгүй орилоод гараад гүйчихсэн. Хамт явсан туршлагатай ах маань ингэж айж болдоггүй юм, эргээд ороод ир гээд… Тэгээд эргэж ороод, өнөө ахтайгаа хамжиж байж орооцолдсон бургаснаас нь салгаад гаргаж ирж байлаа. Тухайн үед бид хийлдэг ганц хаймар хар завьтай, нэг олстой. Ийм л байсан.
-Ингэхэд гэр бүлийн хүнтэйгээ хэзээ анх танилцаж байв. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-1990-ээд оны үед ханьтайгаа танилцаж байлаа. Бид нэг охин, хоёр хүүтэй. Анхны хүүхэд маань 1992 онд төрсөн. Харин том хүү маань одоо Онцгой байдлын сургуульд сурч байгаа.
-Урлагийнхан ихэвчлэн хүүхдүүдээ урлагийн хүн болгохгүй гэдэг. Гэвч хүүхдүүддээ дийлдсэн нь дийлэнх. Түүн шиг манай алба хаагчдын хүүхдүүд ч аав, ээжийнхээ ажил үйлсийг залгамжлах нь их. Таны хувьд хүүгээ Онцгой байдлын алба хаагч болох хэрэггүй гэж хориглоогүй юу. Албаны хүнд хэцүүг та мэднэ шүү дээ?
-Хориглоогүй. Юм их сонин шүү. Анх намайг ажилд ороход манай дарга нар аав, ээж хоёрыг маань дуудаж ирүүлээд, “Танай хүү шүхэрчин болохоор шийдсэн. Шүхрээр буух ийм ийм эрсдэлтэй, хүнд хэцүү ажил. Тийм болохоор та хоёр яг одоо ажил үүргээ гүйцэтгэж яваад ямар нэг юм боллоо гэхэд ар гэрийн зүгээс гомдолгүй гэсэн бичиг бичиж, батлан даалт гаргаж өг” гэж байлаа. Үүнийг сонссон аав, ээж хоёр маань над руу нэг их том хараад л, тэр бичгийг бичиж өгсөн байдаг юм. Зайлуул, хүүгээ юунд оруулчихав аа л гэж бодсон байх. Хортой харандаагаар биччихсэн тэр бичиг одоо ч миний хувийн хэрэгт бий.
Харин би хүүгээ энэ албан орно оо гэхэд хэцүү дээ гэж ер бодоогүй. Юмаа сайн сураарай л гэсэн. Ер нь би аврах ажиллагаанд оролцож, гал түймэр унтрааж явахдаа “Би үхчих болов уу” гэж ерөөсөө бодож байгаагүй. Галыг унтраая, хүнийг аварья гэж бодож байснаас ийшээ орвол ийм эрсдэлтэй шүү гэж бодож байсан удаагүй. Бодох ч сөхөө байхгүй шүү дээ. Гал дүрэлзэж байхад түүнийг унтраах хэрэгтэй гэж бодогдохоос одоо ийшээ орвол ийм эрсдэлтэй болов уу гэж бодоод зогсч байна гэж байхгүй. Миний хувьд л лав эрсдэлтэй шүү гэж түрүүлж бодож, хойш суухгүй юм шиг байна билээ/инээв/.
-Тийм бол таны үед албанд орж ирж байсан залуус, одоо орж ирж байгаа залуусын хувьд хандлагын ялгаа хэр их байх юм бэ?
-Байлгүй яах вэ. Амьдарч байгаа орчин нь хүртэл өөр болчихоод байна шүү дээ. Бид 1980 онд нэгдүгээр ангид байхдаа хөвөнтэй бээлий өмсөөд л сургууль руугаа гүйдэг байлаа шүү дээ. Гэтэл өнөөдрийн хүүхдүүдийг бүгдийг эцэг эхчүүд нь дулаан машинаар сургуульд нь хүргэж өгч, авч байна. Бидний үеийнхэн хөрвийн аргаар өссөн ч даруулгатай, хүний үг сонсохдоо хүлээцтэй бол одоогийн залуус тийм биш. Ахиухан хэдэн үг хэлчихвэл загнаад, дээрэлхээд байна гэж хүлээж авна. Би одоо 50 хүрэх дөхөж байна. Тэгэхэд 10 км-т асуудалгүй гүйнэ, сунайна, зургаа дарна. Гэтэл залуучууд тэгж чадахгүй. Хэрэглээ нь өөр болчихсоных юм болов уу даа. Ирээд л утсаа ухаад суухаас, бие бялдраа хөгжүүлэх тал дээр юм хийхгүй юм. Би энэ тал дээр үглээд, загначих гээд байдаг юм.
Үнэндээ ахлагчийн албан тушаал гэдэг гүйцэтгэх албан тушаал. Гүйцэтгэх албан тушаалын хүн бие бялдрын хувьд дээд зэргийн бэлтгэлтэй, маш сайн биетэй байх ёстой байхгүй юу. Тиймээс би аминдаа залуусдаа бэлтгэл хий гэж үглэдэг юм. Бидний үед одоогийн шиг ийм сайхан фитнес заал, тоног төхөөрөмж байсангүй. Ганц муу турник байна. Түүн дээрээ л бид хэн нь олон сунайх вэ, хэн нь хэд дарах нь вэ гээд л өдрийг өнгөрөөдөг байлаа шүү дээ. Гэтэл одоо юу ч хийж болохоор бүх юм байна. Бэлтгэл тогтмол хийдэг, сэтгэлтэй хүүхдүүд ганц нэг байна аа. Огт юу ч хийхгүй нь ч байна. За тэгээд, олны дотор янз бүрийн л хүмүүс байх юм байна шүү дээ.
-Арван километрт асуудалгүй гүйнэ гэхээр гүйлтийн спортоор хичээллэдэг байх нь ээ. Эсвэл..?
-Ажилд орсон цагаасаа л гүйлтээр тасралтгүй хичээллэж байна. Тэгэхээр тасралтгүй 25 жил гүйсэн байх нь. 1997 онд улсын аварга шалгаруулах “Аврагч” тэмцээн анх удаа болоход манай баг буюу Архангай аймгийн баг түрүүлж байлаа. Мөн 2013 онд болсон төвийн бүсийн аварга шалгаруулах “Аврагч” тэмцээнд мөн түрүүлсэн.
Энэ хавар марш тактикийн тэмцээн болбол сүүлчийн удаа гүйе гэж бодож байгаа. Хоёрдугаар сарын сүүлээс бэлтгэлээ хийж эхэлнэ дээ. Угаасаа гоё биетэй больё гэж боддог байсан болохоор турник, штанкнаас бас салдаггүй байлаа. 2007 оноос би албанаасаа түр завсарласан юм. Тэр болтол 17 жил турник, штанкнаас салаагүй дээ. Тэгж түр завсарлаагүй бол өдийд 26 жил биш 30 гаруй жил ажиллачихсан байх байж.
-Шүхэрчин-гал сөнөөгчөөс хэсгийн зааварчлагч, тэгээд бүлгийн дарга хийж байсан юм билээ. Бүлгийн дарга болоод үүрэг хариуцлага нэмэгдээд ирэхээр ямар мэдрэмж төрж байв?
-Ахлагч байхад бүлгийн даргынхаа хий гэснийг л хийчихэд болно. Гэтэл найман хүн удирдаад ирэхээр тэд маань бүх зүйл дээр намайг л харах болчихож байгаа юм. Наад зах нь хаагуур явах вэ, яаж цурав татах вэ гэх мэтээс эхлээд… Өчнөөн жил ажиллачихаад би мэдэхгүй ээ гэлтэй биш. Тэгэхээр өөрийг сэтгэж, өөрийгөө боловсруулахаас эхлээд бодох юм их болдог юм билээ.
-26 жил ажиллахад “За үнэхээр барсангүй. Үнэхээр хүчин мөхөстлөө дөө”гээд зогсч байсан үе байв уу?
-Байлгүй яах вэ. Түймрээ алдах хэцүү шүү дээ. Яг сайхан хоёр талаас нь хөөж ирээд, хоёрхон метр нүдээд л дууслаа гэж байхад гэнэт салхи гараад түймэр хөгжөөд уул даваад алга болох харамсмаар шүү. Тэр мөчид үнэхээр урам хугардаг шүү. Өчнөөн хоног нойр, хоолгүй явчихсан байдаг. Гэтэл яг дуусахын даваан дээр алдчихдаг. Магадгүй тэр үед л гал сөнөөгч хүний сэтгэлзүй хамгийн доод цэгтээ унадаг байх. Гэлээ гээд яах юм бэ, дахиад л араас нь явна шүү дээ.
-Шантарч байв уу?
-Яг ийм юман дээр бол шантарч байсан шүү. Тухайн үедаа гарья, больё гэж ч бодож байсан. Гэхдээ албанаасаа хэсэг хугацаанд завсарлахад алба, ажил бодогдоод… Янз бүрийн ажил хийж үзсэн ч ерөөсөө болохгүй юм билээ. 18 настайгаасаа ажилласан алба гэдэг үнэхээр бодогддог юм билээ. Нийгмийн олон ч өнгийг үзсэн байна. 1990-ээд оны үед амьдрал хаа сайгүй хэцүү байлаа. Түймэрт явж байгаад айлд ороход хар цай, хатсан ээзгийнээс өөр юмгүй л байдаг байлаа шүү дээ. Ялангуяа хаврын цагт. Бидний цалин ч мөд буухгүй. Долоо, наймдугаар сарын цалинг ес, аравдугаар сард тавьж байвал их юм. Тийм үе байсан шүү. Тэр бүхнийг даваад ажилласан болохоор алба, ажил бодогдоод байдаг юм билээ.
2007 оноос хойш манай алба сайхан болсон. Сүүлийн жилүүдэд ахуй хангамж, автомашин техник, тоног төхөөрөмжийн хувьд улам л сайхан болж байна. Би заримдаа энэ машин техникээсээ айдаг юм.
-Яагаад?
-Бид чинь АЦ-ээсээ бол айдаггүй байлаа шүү дээ. Сэпхийтэл үсрээд л гарна. Гэтэл одоо машин техник маань аймаар хүчтэй болчихсон. Сүүлийн үеийн багаж, техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдчихсон. Одоо тэгэхээр бид өөрсдөө хөгжихгүй бол машиныхаа боол болчих гээд байна. Машинууд маань өндөр болчихсон. Бие бялдар сайтай байхгүй бол өнөө АЦ-тэйгээ адил үсрээд гарна гэж байхгүй. Тиймээс машинтайгаа зохицож ажиллахын тулд өөрсдийгөө хөгжүүл гэж залуустаа хэлдэг. Бас нэг бодож явдаг зүйлээ хэлчих үү.
-Тэг л дээ?
-Зэргийн шалгалт авахад бидэн шиг гүйцэтгэх чиглэлийн хүмүүсийн хувьд хуулиасаа илүү бэлтгэл, бэлэн байдлын шалгуур нь түлхүү байвал хэрэгтэй санагддаг юм. Хуулиа мэдэж байх хэрэгтэй. Гэхдээ ахлагч нарын хувьд автомашин, техник, багаж тоног төхөөрөмжөө маш сайн эзэмшсэн, мэргэшсэн байх хэрэгтэй. Энэ чиглэлийн сургалтуудыг ч түлхүү зохион байгуулдаг баймаар санагддаг. Ахлагч нар энэ байгууллагад ашиглагдаж байгаа багаж, тоног төхөөрөмжийг 100 хувь ашиглаж чаддаг байх ёстой. Гал сөнөөгч ч аврах ажиллагааны багажийг ядаж нэг удаа ажиллуулаад үзчихсэн байх хэрэгтэй. Үүндээ мэргэшиж чадаж уу гэдгийг шалгах ёстой гэж боддог доо.
-26 жил ажиллажээ. Өөрөөрөө бахархаж байна уу?
-Бахархалгүй яах вэ. Одоо тэгээд ээлж нь ирээд тэтгэвэртээ гарна гэж бодохоор эндээс /цээжээ заав/ нэг юм зулгаагаад байгаа шүү. Гэлээ гээд яах вэ дээ, зайлшгүй амрах ёстой. Төрдөө олон жил сайхан ажиллалаа. Олон гавьяа шагналыг нь авлаа. Байгууллагын тэргүүний алба хаагч болж байлаа. Сайхан биз дээ.
-Сайхан байлгүй яах вэ. Гэхдээ тэтгэвэрт гарахаар зэхэж байгаа хэрэг үү. Тэгвэл дараагийн алхамаа төлөвлөсөн үү?
-Хөдөө гарч, малчин болдог юм билүү гэж бодож байгаа. Багаасаа өвөө, эмээ дээрээр өссөн хүүхэд шүү дээ. Гэхдээ малчин бодож чадах эсэхдээ бас эргэлзээд л байна. Хөдөө байх уг нь надад сайхан санагдаад байдаг юм.
Аав маань бас мужаан талын гарын дүйтэй, юмны эвийг олохдоо авьяастай хүн байсан. Тэрнийх нь хэлтэрхий надад үлдсэн шиг. Би бас юмны эв олох талдаа гайгүй. Тийм болохоор өөртөө нэг байшин барьсан. Саяхан гагнуур хийж сурсан. Албандаа хэдэн сайхан төмөр ор гагнаж өгчихөөд гарна даа гэж бас бодоод байгаа. Модон орыг маань энэ залуус тэсгээхгүй юм. Төмрөөр хийчихвэл аятайхан, насны эд болчих болов уу гэж бодоод байгаа юм. Одоо бол албандаа нэг сайхан зүйл хийгээд үлдээчих юмсан гэж бодож байна даа.
-Таны хүсэл бүхэн тань биелэг. Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )