“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) тус компанийн Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилохоор шийдвэрлэснээ мэдэгдлээ.
“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар сүүлийн таван жил гаруй ажилласан Армандо Торрес ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу ТУЗ-өөс Жак Ван Тондерийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан.
Тэгвэл ТУЗ-ийн шийдвэрийн дагуу Дэйрдрэ Лингенфэлдер албан үүргээ энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс ажлаа эхлүүлэх аж. Энэ хүртэл Жак Ван Тондер Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллах юм байна.
Дэйрдрэ үүрэгт ажлаа хүлээн авснаар Жак Ван Тондер Оюу толгойн Гүний уурхайн төслийн захирлын ажилдаа буцаж орох аж.
Дэйрдрэ нь “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. “Рио Тинто”-гийн Зэсийн группийн олон улсад явуулж буй үйл ажиллагаа, тэр дундаа “Оюу толгой” компанийн хэмжээнд ЭМААБО болон тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх зорилтот хүчин чармайлтыг манлайлан ажиллаж байжээ.
Тэрбээр “Рио Тинто” группт ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байсан. Тэрээр уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай.
“Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Элчин сайд Г.Батсүх “Оюу Толгой компанийн түүхэн дэх анхны эмэгтэй Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилж буйдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн сэтгэл нэн хангалуун байна. Дэйрдрэ бээр бизнес шинэчлэл, сайжруулалтын чиглэлээр арвин туршлагатай бөгөөд орон нутгийн чадавх, хүний хөгжил, байгууллагын соёлыг бэхжүүлж, “Оюу толгой” компанийг чадварлагаар удирдан манлайлж, манай үйл ажиллагааны амжилтыг буухиалан үргэлжлүүлнэ гэдэгт бат итгэж байна. Энэ хугацаанд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, хамт олноо манлайлан ажиллаж буй Жак Ван Тондерт Төлөөлөн Удирдах Зөвлөл сайшааж байна.” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )