С.Энхболд: Зургаан аймаг томуугийн идэвхжлийн шатанд байна

2022 оны 03 сарын 16

Засгийн газрын өнөөдрийн /2022.03.16/ хуралдаан дээр томуу, томуу төст өвчний өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүдийн бэлэн байдал, нөхцөл байдлын танилцуулгыг хийжээ. Энэ талаар ЭМ-ийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.


Менингококкын халдвар жил бүр гардаг. Сүүлийн таван жилийн дунджаар манай улсад жилд 10 орчим менингококын тохиолдол гардаг. Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд менингококкын халдвар батлагдаж, харамсалтай нь нэг нь амь нас эрстсэн. Нөгөө хүүхдийн биеийн байдал хүнд, хэвтэн эмчлүүлж байна.

Менингококкын халдвар гарсан бүс нутагт вакциныг хийдэг. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ дээр вакциныг хийгээд явж байгаа. Тус өвчнөөс сэргийлэх вакциныг өргөн хүрээнд хийдэггүй. Тандалтаар тодорхой хүрээнд хийдэг.

Бид эх,хүүхдийн эмнэлгүүдээ олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байна. Улсын хэмжээнд эх барихын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төрөх орыг 100 хувь шинэчилсэн. Энэ оны улсын төсвөөр Хүрээ амаржих газрын байрыг шинэчилнэ. Мөн ЭХЭМҮТ-ийн барилгыг засна.

Манай улс ковидын үеийн жил гаруйн хугацаанд 21 аймагт молекул биологийн лабарторийг байгуулснаар 21 аймаг, нийслэлийн хэмжээнд томуугийн тандалтыг хийх бүрэн бололцоо бүрдсэн.

Жилд 52 долоо хоног байдаг. Томуу, томуу төст өвчний өвчлөл нь жилийн 25 орчим 7 хоногт нь үргэлжилж явагддаг. Оргил үе нь 5-7 хоног байдаг. Хамгийн их өвчлөлтэй нь 2019-2020 онууд 19 долоо хоног үргэлжилсэн байна.

Энэ жил томуу төст өвчний өвчлөл 11 дүгээр сараас эхэлж, ковидын дөрөв дэх давалгаа үүссэний дараа томуугийн идэвхжил нэмэгдсэн. Энэ жилийн хувьд эрино, адено зэрэг олон төрлийн вирус тандалтаар илэрсэн. 2021 оны 38 дугаар долоо хоногт эрино вирус давамгайлж байсан бол 2021 оны 48 дугаар долоо хоногт седиста вирус давамгайлж байна.

Томуу төст өвчний үед 0-9 насны хүүхдүүдийн өвчлөл давамгай явагддаг.  Манай улсын хувьд томуугийн идэвхжлийн шатанд байгаа зургаан аймаг, алаг цоог дэгдэлт 12 аймаг, аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд гурван аймаг байна.

Жилдээ томуу, томуу төст өвчнөөр нийтдээ 120-130 мянган хүүхэд өвддөг. Эдгээр хүүхдэд анхан шатны өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Сүүлийн үед хэвлэл олон нийтийн сүлжээгээр хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байна гэх мэдээллүүд их явж байна. Үүнд ямар зохицуулалтууд хийгдсэн бэ гэхээр нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд амбулториудыг уртасгасан цагаар ажиллуулж байна. Мөн ахмадын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн орыг чөлөөлж, нэмэлт оруудыг дэлгэж байна. Дээрээс нь ковидын тусламж үйлчилгээ үзүүлдэг дүүргүүдийн амбулториудыг томуу, томуу төст өвчний эмнэлгийн тусламж үйлчилгээ рүү шилжүүлсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top