Замын-Үүдийн боомтод чингэлэг тээвэр солилцох талбайг өргөтгөж, ачаа тээврийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр болов
Эрээн-Замын-Үүдийн боомтод 3 сар саатаж бөөгнөрөл үүсээд байсан ачаа барааг Хятадын талтай тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн нэгдүгээр сараас чингэлэг тээврээр татан авч эхэлсэн. Энэ сарын 13-ны байдлаар 2531 автомашинаар 3221 чингэлэг бүхий 60.6 мянган тн ачаа бараа буюу 84.2 сая ам.долларын тээвэрлэлт хийгдээд байна.
Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотойгоор зам, барилга, уул уурхайн овор хэмжээ ихтэй ачаа барааг яаралтай татан авах асуудлыг шийдвэрлэх үүднээс талууд чингэлэг солилцох талбайгаа өргөтгөж, чингэлгийн тоог нэмэгдүүлэх шаардлага үүсээд буй.
Чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх ажлыг дөрөвдүгээр сард талууд нэгэн зэрэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Монголын тал Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дээрх чингэлгийн талбайг өөрийн талдаа 247м х 35м, 247м х 33м, 247м х 32м хэмжээтэй 3 хэсэг талбай буюу нийт 24700 ам метр талбайг хатуу хучилттай болгож өргөтгөх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ингэснээр Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоо 2-3 дахин нэмэгдэж, овор хэмжээ ихтэй ачаа барааг саадгүй татан авах нөхцөл бүрдэх юм.
Мөн Замын-Үүд боомтоор тээвэр хийдэг байсан жолооч, тээвэрчид зөвхөн Чингэлгээр тээвэр хийхийг эсэргүүцэн, чингэлэгтэй зэрэгцүүлэн хилийн бүсэд автомашин сольж тээвэрлэлт явуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тавиад буй.
Шадар сайдын хувьд энэ сарын 14-ний өдөр жолооч, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон.
Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашаанд тусгаарлах байр байгуулж, тээвэрлэлт хийх 50 жолоочийг тусгаарлан, чөлөөт бүсээс хилийн шугам хүртэл, хилийн шугам дээрх талбайгаас хилийн 3-р хаалт хүртэл Эрээн боомтоор нэвтрэх болон импортын ачаатай орж ирсэн автомашиныг жолоодох боломж нөхцөл бүрдүүлэх хүсэлтээ илэрхийлсний дагуу энэ асуудлыг Хятадын талд уламжлахаар тогтлоо.
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба
Сэтгэгдэл ( 0 )