Л.Энх-Амгалан: Хүүхдийг хүчилж сургах, загнах тогтолцоо үеэ өнгөрөөсөн

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 97 дугаар сургуулийн багш хүүхэд зодсон гэх асуудалтай холбогдуулж, байр сууриа илэрхийллээ.

-97 дугаар сургуулийн багш сурагчдаа гар хүрсэн асуудал дээр та салбарын сайдын хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Энэ багш бол хүүхдэд халдсан байна. Хүүхдийг зодсон байна. Тэгэхээр тухайн багш ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөх ёстой. Гавьяат багш гэж би сонссон. Монгол Улсын Гавьяат багш, 35 жил ажилласан зөвлөх багш байж хүүхэдтэй зүй бус харилцсан нь харамсалтай тохиолдол юм. Ийм тохиолдол өдөр бүхэн болдог байж болзошгүй, бид мэдэхгүй. Тиймээс 2022 оныг боловсролын салбарын ёс зүйн жил болгон зарласан. Сургуульд хүүхэд суралцах хамгийн аятай, таатай орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Хүүхэд бүхэн онц сурах, сайхан бичих албагүй. Хүүхдийг олимпиадад бэлтгэх нь ч чухал биш. Сургууль гэдэг бол хүүхдийг амьдралд бэлтгэх орчин. Хүүхдийг хүчилж сургах, зодох, загнах тогтолцоо бол үеэ өнгөрөөсөн тогтолцоо юм.

-97 дугаар сургуулийн энэ жишээн дээр гэхэд камерын бичлэгт тухайн багш хүүхдийн хоёр гарын сарвуун дээр цохисон нь харагддаг гэж байна. Гэтэл сошиалд тавигдсан зураг дээр гарын бугуй тэр чигээрээ улайсан байсан. Хохирогч охины аавд "Хүүхэд битгий зодоод бай" гэж хэлээрэй гээд багш нь гаргаж байхыг харсан эцэг, эх ч байсан гэнэ. Тэгэхээр энэ асуудлыг зөвхөн багшид буруу өгөөд зогсох биш ул суурьтай хянаж, шалгах ёстой юм биш үү?

-Нарийн асуудлыг хуулийн байгууллага шалгана. Өчигдөр тухайн сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаад, тухайн багшийг буруутай гэж үзэн, хариуцлага тооцсон. Миний байр суурь бол багш хүүхэд зодсон л бол ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

-Сайн багш өндөр цалин авна, хангалтгүй ажиллаж байгаа багш бага цалин авна гэсэн тогтолцоо руу удахгүй шилжих гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сурагчийн мэдлэг, чадвар, төлөвшил гэсэн гурван үзүүлэлтээр тухайн багшийг үнэлж, цалин олгоно. Дөрөвдүгээр сард олон улсын боловсролын үнэлгээний газраас тухайн сурагч өөрийн эзэмшсэн боловсролоо амьдралд хэрэглэж чадах байгаа эсэхийг үнэлнэ. Онц, сайн сурсан гэдэг дүнгээр үнэлэх биш ахиц дэвшлийн байдлаар нь үнэлнэ.

Сүүлийн хоёр жилд хүүхдүүд сурлагын хоцрогдолд орсон. Өнгөрсөн намар 1-12 дугаар ангийн сурагчдад гарааны үнэлгээ хийсэн. Хичээлийн жил дуусахад барианы үнэлгээ хийнэ. Тухайн чадвар нь өссөн байна уу, үгүй гэдгийг үнэлнэ.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рагчаа(66.181.161.14) 2022 оны 03 сарын 19

Сайд та буруу сагаад бна.чамд боловсролын тухай сурган хүмүүжүүлэх тухай мэдлэг түй ч алга .чи зүгээр намд өгсөн хэдэн төгрөгөө эргүүлж авч чадсан бол бусдад гай бололгүй 461 рүү яв даа

0  |  0
Хошуу ноён(139.5.216.229) 2022 оны 03 сарын 18

Багш буруутай байж болно, гэхдээ ажлаас нь халаагүй биз дээ, цалингийн хувь хасаж шийтгэх байлгүй дээ.

0  |  0
Хулгайч(103.229.120.191) 2022 оны 03 сарын 17

Өөрийнхээ сургууль хувьсах зардал өгдөгөө болиод сургууль нэмж барь, багш нарын цалинг нэм,

0  |  0
Зочин(192.82.67.179) 2022 оны 03 сарын 18

Олон түмнээс оноо авах гэж багш руу дайраад яахнав дээ Сайд аа , овоо юм бодсон бас хөгийн эр байна\n

0  |  1
Top