Монголд мэргэшсэн өрхийн эмч нар үгүйлэгдэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж ор олдохгүй байгааг хүүхдээ үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх гэсэн эцэг эхчүүд хэлсээр байна. ЭХЭМҮТ-д хүүхдээ үзүүлэхийн тулд 2-3 дараалалд зогсох нь сүүлийн үед энгийн үзэгдэл болоод буй. Ийн зогсох эцэг эхчүүдийн олонх нь өрхийн эмнэлгийн эмч нарын чадварт итгэхгүй буйгаа болон бичиж өгсөн эмчилгээ, эмийг нь заавраар өгсөн ч хүүхдийнх биеийн байдал дээрдэх бус дордсон учраас ЭХЭМҮТ-ийг зорин ирж буйгаа учирлаж байна.

Ер нь  Монголд мэргэшсэн өрхийн эмч нар үгүйлэгдэж буй нь энэ мэт олон жишээнээс харагддаг.  Гэтэл өрхийн эмчийг мэргэшүүлэх, дэмжих талаар манай улсад бодлого байхгүйтэй адил. Дөнгөж сургуулиа төгссөн эмч Өрхийн эмчээр хоёр, гурван жил ажиллаад мэргэшсэн даруйдаа ажлаа сольдог. Оронд нь өөр нэг шинэ эмч ирнэ.

Энэ байдлыг таслан зогсоосон цагт л хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурч, халуунтай хүүхдээ тэврэн 2-3 цаг дараалалд зогсох шаардлагагүй болно шүү дээ. Өрх, сумын эмнэлгийн эмч нар иргэдэд 200 орчим төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. 1000 гаруй өвчний онош тавьдаг гэх судалгаа бий. Ийм байхад өрхийн эмчийг мэргэшүүлэх нь зайлшгүй тулгамдсан асуудал юм.

  Ер нь дэлхий дахинд манайх шиг залуу төгсөгчдийг шууд "фронт" руу илгээдэг жишээ ховор. Харин ч эсрэгээрээ хамгийн туршлагатай нь өрх болон яаралтай тусламжийн эмчээр ажилладаг. Ерөнхийдөө дөрвөн жил коллеж, гурван жил бакалаврт сураад, хоёр жил дадлага хийсний дараа өрхийн мэргэшсэн эмч болдог гэнэ. Тэгвэл манайд энэ бүхэн эсрэгээрээ, эмийн жороо ч зөв бичиж чадахгүй залуучууд өрхийн эмчээр ажиллаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top