ШУА-ийн шинэ судалгааны дүн дэлхийд зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэн, АНУ-ын Аризоны Туссон дахь их сургуулийн Археологи, Антропологийн салбар 1995 оноос эхлэн “Монголын чулуун зэвсгийн үе” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхлэсэн хугацааг 250 000 жилээр урагшлуулснаас эхлээд олон арван нээлтүүдийг хийсэн билээ.

 

 

Тус төслийнхний 2021 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйд явуулсан малтлага судалгааны ажлын хүрээнд олдсон тэмээний дунд чөмөгний ясанд хийсэн лабораторийн судалгааны дүн олон улсын “Fronters in Earth Science” сэтгүүлийн 2022.03.14-ний өдрийн дугаарт хэвлэгдэн дэлхийн шинжлэх ухааны эргэлтэнд орлоо.

Энэхүү олдсон чөмөгний яс нь МИС (тэнгисийн изотопын үечлэл)-ийн 3 дугаар үед буюу 60-27 мянган жилийн тэртээд явагдсан байгал цаг уурын огцом өөрчлөлтийн явцад устан мөхсөн Монгол, Хойд Хятад, Өвөр байгал, Оросын Алтайн бүсэд амьдарч байсан Кноблохын тэмээ хэмээн нэрлэгдсэн тэмээнийх юм. Энэхүү тэмээ нь өнөөгийн хоёр бөхтэй бактрианы хэмээн нэрлэгдсэн тэмээнээс 1,5 дахин том биетэй тэмээ байжээ. Тэрээр өндөр уулсын завсарын хуурай хөндийнүүдээр адуу, хулан, бөхөн, аргал, янгир, агуйн хиений хамт идээшлэн амьдардаг байсан байна. Өнгөрсөн жил олдсон энэхүү яс нь terra incognita (анхны байрлал) шинжтэй байгаа нь Монголын эртний түүхийн болон байгалийн түүхийн судалгаанд чухал нэгэн хэрэглэгдэхүүн болох юм.

 

 

Мөн энэ өгүүлэлд 1985 онд Өмнөговь аймгийн Булган сумын Төгрөг ширээгээс олдсон хавтгайн ясанд хийсэн судалгааны тухай өгүүлсэн байна. Кноблохын тэмээ болон хавтгай нь эртний хүмүүсийн агнуурын нэгэн гол хэрэглэгдэхүүн нь байжээ. Энэ бүхнийг харьцуулан эртний хүн хийгээд тэмээний хоорондын холбоог тодорхойлон гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top