IIA Mongolia chapter-ын гишүүдийн хурал амжилттай боллоо

2022 оны 03 сарын 18

IIA Mongolia chapter-ын Бүх гишүүдийн хурал 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.

Бүх гишүүдийн хуралд гишүүд биет болон цахим хэлбэрээр оролцож, санал өгснөөр 65 хувийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын эхэнд Удирдах зөвлөлийн дарга А.Одонбаатар нээж үг хэлсэн бол Ерөнхийлөгч Ж.Оюумаа 2021 оны үйл ажиллагааны тайлан, Хөндлөнгийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг тус тус танилцуулав.
 


Үүний дараа Удирдах зөвлөлийн дарга А.Одонбаатар холбооны Удирдах зөвлөлийн хурлаар батлагдсан холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг танилцуулсан бөгөөд уг өөрчлөлтөөр дүрэм нь IIA Глобалын засаглалын болон салбар байгууллагын эрх үүргийн баримт бичигт бүрэн нийцсэн, холбооны үйл ажиллагааг дараагийн түвшинд хүргэх өөрчлөлтүүд хийгдсэнийг онцлон тэмдэглэв.
 


Тухайлбал,
 

  • Гишүүдийн оролцоог нэмэгдүүлсэн, гишүүд нь удирдах зөвлөлийн хороодод орж ажиллах боломжтой болсон.
     
  • Аудитын хороог Удирдах зөвлөлөөс хараат бусаар зохион байгуулж, эрх үүргийг нэмэгдүүлсэн.
     
  • Удирдах зөвлөлийн дарга нь Гүйцэтгэх удирдлагын багийг ахлан ажиллах болж, нэгдмэл удирдлагатай болсон.
     
  • Алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлж, үйл ажиллагааны цар хүрээ, Удирдах зөвлөлийн баримтлах зарчим, Ёс зүйн дүрэм, УЗ-ийн гишүүний эрх, үүрэг, хязгаарлалтыг тодорхой болгосон.
     

 

Дараа нь Бүх гишүүдийн хурлын гол үйл ажиллагаа болох Удирдах зөвлөлийн сонгуулийн үйл ажиллагаа явагдсан.

IIA Mongolia chapter-ын дүрмээр жил бүр УЗ-ийн гишүүдийн 1/3 нь солигдох ёстой тул Удирдах зөвлөлийн гишүүн, Хаан банкны Эрсдэл хариуцсан захирал Д.Энхбаатар, АрвисМед ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Гантуул, Тэсо группийн Дотоод аудитын захирал асан Б.Энхжаргал, Барловорлд Монголиа ХХК-ийн Бизнесийн эрсдэл хариуцсан захирал Л.Баасандорж нарын сонгуульт хугацаа дуусаж, УЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөж байгаа билээ.
 


Ингээд УЗ-ийн гишүүн хийгээд дарга асан П.Гантуул, бүх гишүүдийн хурлаас сайн дураар томилогдсон, хараат бус 3 гишүүний хамтаар сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулав.

Сонгуулийн эхэнд П.Гантуул нь энэ удаагийн сонгуульд нийт 7 нэр дэвшигч нэрээ ирүүлсэн бөгөөд нэр дэвшүүлэх хороо анхан шатны анкетын хяналт хийхэд 2 нэр дэвшигч нь нэр дэвших шалгуур буюу “дотоод аудитын чиглэлээр удирдах албан тушаал 2 жилийн хугацаанд хашсан байх” гэдэг шалгуур хангаагүйн улмаас энэ удаагийн сонгуульд оролцох боломжгүй болсон, энэ талаар нэр дэвшигчдэд танилцуулсан талаар мэдэгдэв.
 


Сонгуульд Номин холдинг ХХК, Эрсдэлийн удирдлагын газрын захирал Д.Бямбажаргал, Богд банкны Ерөнхий аудитор Д.Төрмандах, Эрнст энд Янг Монголия Аудит ХХК-ийн Ахлах менежер Б.Мөнхжин, SPS Телевиз ХХК, Захиргаа, санхүү, хүний нөөц хариуцсан Дэд захирал Д.Мөнхдэлгэр, Шунхлай ХХК-ийн Дотоод аудитын албаны захирал Э.Одонтунгалаг нар өрсөлдсөн бөгөөд санал хураахын өмнө нэр дэвшигчид өөрсдийгөө танилцуулж, гишүүд асуулт асууж, хариулт авсан.
 


Сонгуулийн үр дүнгээр дараах гишүүд 2022-2023 оны Удирдах зөвлөлд шинээр сонгогдон ажиллахаар болсон.
 

  • Д.Бямбажаргал, Номин холдинг ХХК
     
  • Б.Мөнхжин, Эрнст энд Янг Монголия Аудит ХХК
     
  • Д.Мөнхдэлгэр, SPS Телевиз ХХК
     
  • Э.Одонтунгалаг, Шунхлай ХХК


IIA Mongolia chapter-ын Залгамж халааны бодлогын дагуу Удирдах зөвлөлийн дарга А.Одонбаатар нь ажлаа өгч, Удирдах зөвлөлийн дарга асан статуст шилжсэн бол энэ өдрөөс эхлэн Удирдах зөвлөлийн даргаар, Удирдах зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан Таванбогд консалтинг ХХК-ийн Аудитын менежер Т.Цэрэндаш, Удирдах зөвлөлийн дэд даргаар, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, АПУ ХК-ийн Санхүүгийн албаны дарга Ж.Оюумаа нар ажиллахаар боллоо.
 


Энэ үеэр Удирдах зөвлөлийн шинэ дарга Т.Цэрэндаш, дарга асан П.Гантуул нар цар тахлын хүнд хэцүү үед холбооны үйл ажиллагааг амжилттай удирдсан, Монголын Үндэсний дотоод аудиторуудын форумыг жил бүр амжилттай зохион байгуулж, шинэ түвшинд гаргасан, холбоо цаашид дараагийн түвшинд ажиллах дүрмийн өөрчлөлтийг хийсэн А.Одонбаатар даргад талархлыг илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан.
 


Ингээд IIA Mongolia chapter-ын БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛД идэвхтэй оролцсон нийт гишүүддээ, Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн гишүүддээ ГҮН ТАЛАРХЛЫГ илэрхийлж, ажлын амжилтыг хүсье. Мөн шинэ Удирдах зөвлөлийн дарга Т.Цэрэндаш, дэд дарга Ж.Оюумаа тэргүүтэй Удирдах зөвлөлийн шинэ багтаа ажлын өндөр амжилтыг хүсье.

Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн
 

  • Дарга Т.Цэрэндаш, Аудитын менежер, Таванбогд Консалтинг ХХК
  • Дэд дарга Ж.Оюумаа, Санхүүгийн албаны дарга, АПУ ХК
  • Гишүүн Л.Галхүү, Зах зээлийн удирдагч, PwС Аудит Монголиа ХХК
  • Гишүүн О.Баярмагнай, Аудитын үйл ажиллагаа хариуцсан захирал, Айпу Аутсорсинг ХХК
  • Гишүүн Д.Бямбажаргал, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Номин холдинг ХХК
  • Гишүүн Б.Мөнхжин, Ахлах менежер, Эрнст энд Янг Монголия Аудит ХХК
  • Гишүүн Д.Мөнхдэлгэр, Захиргаа, санхүү, хүний нөөц хариуцсан Дэд захирал, SPS Телевиз ХХК
  • Гишүүн Э.Одонтунгалаг, Шунхлай ХХК-ийн Дотоод аудитын албаны захирал
  • Гишүүн А.Одонбаатар, Удирдах зөвлөлийн дарга асан, Аудит хариуцсан захирал, Голомт банк
     

IIA Mongolia chapter

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top