МАН-д дагаар орсон гэх Ж.Батзандан, Лу.Болд нараас эхтэй АН-ын үймээн сүүлдээ бүлэг ч үгүй, сураг ч үгүй болж таарсан. Эцэст нь АН өөрөө эрх баригч намд дагаар орсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга улс төрөө эхлүүлж, АН-аас урвасан Ж.Батзандан, Лу.Болд нарыг өөртөө элсүүлж, Ж.Батсуурийг өрсөлдөгчөөр сонгож, АН-ыг авах ажиллагаагаа эхлүүлж байгаа аж.
Уг нь “АН-ын бүлэг мэдээлэл хийнэ. АН-ын бүлэг шаардлага хүргүүллээ” гэх зэргээр ярьж байсан бол Д.Ганбатын хэлж байгаагаар АН-ын бүлэг гэж байхгүй. Бүр АН ч гэж байгаа эсэхэд эргэлзэхээр мэдээлэл хийдэг. Түүний хэлж байгаагаар Н.Алтанхуяг бие даан нэр дэвшиж, С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшсэн учраас АН-д хамаагүй. Харин өнгөрөгч 2021 оны аравдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын дүрэм зөрчсөн учир дөрвөн жилийн хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулсан учраас АН-ын гишүүн биш гэв. Арга ч үгүй. УИХ-ын сонгуулийн үр дүнд наймаас дээш суудал авсан улс төрийн нам УИХ-д бүлэг байгуулдаг учиртай ч тэдэнд юу ч алга.
Тэгвэл нөгөө талд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Б.Бейсен, Ж.Батсуурь, Ц.Туваан, С.Ганбаатар нар мэдээлэл хийж, Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлөх хүсэлтээ өнгөрсөн оны аравдугаар сард хүргүүлсэн боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа.ч Ж.Батсуурь АН-ын сунгаанп нэрээ дэвшүүлээд явж байна. Иймд бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд энэ шаардлага дахин хүргүүлж байна хэмээн мэдээлсэн. Үүнээс харвал өдгөө УИХ-д байгаа АН-ын данстай 10 орчим гишүүний хоёр нь өөр газраас ирсэн нь С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бол Ц.Туваан нь хөөгдсөн. Мөн О.Цогтгэрэл тэргүүтэй гурван нөхөр бүлгээ зөвшөөрөхгүй тамга тэмдэг булаалдаж яваа гэхээр 10 орчим гишүүн лавтай гурав хуваагдсан харагдана.
Эцэст нь АН-ын данстай, дансгүй гишүүд УИХ-ын даргад хандаж, бүр Хууль зүйн байнгын хороо хүртэл нэг намын дотоод асуудал яригдав. Ийм түүх Монголын улс төрд болж байгаагүй санагдана. Энэ нь 30 гаруй жилийн түүхтэй АН нэгэнт намагт унасныг харуулна. Өнөөдөр эрх баригчид АН-ыг санаатайгаа үгүй хийж байгаа тухай мэдээлэл хийж, ийм ойлголт төрүүлэхийг хичээж байгаа ч өөрсдийнх нь буруу шүү дээ. Мэдээжийн хэрэг өрсөлдөгчид өрсөлдөгчөө сарниж тарамдаж байхад дуртай байж таарна. Энэ утгаараа эрх баригчид АН-д ямар нэгэн дэмжлэг үзүүлээд тэдний асуудлыг шийдчихгүй. Хөөрхий минь АН ялагдсан юм гээд Засгийн газартаа багтаахгүй, Дээд шүүхэд нөлөөлөх замаар тус үзүүлэхгүй. Эд хөрөнгө, мөнгө төгрөг өгөхгүй. Тэгэхээр дотоод асуудлаа өөрсдөө шийдээд явах хэрэгтэй гэдгийг тал талаас нь сануулж байна. Өнөөдөр тэд Улсын дээд шүүх дээр гацааж байна хэмээн гоншигнож байхаар хууль дүрмийн дагуу Дээд шүүхээс зөвшөөрч байгаагаа чиг баримжаа болгоод явах шаардлага байна. Мөн Н.Ганибал гишүүн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн үндэслэлгүй дүгнэлтийг хүчингүй болго” хэмээн шаардаж байхаар аль болж байгаа замаар нь учраа олоод явахаас өөр гарц алга. Бурууг нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас хайж байхаар улс төрд өргөж тэтгэсэн Х.Баттулгаасаа хайх хэрэгтэй.
Ийн эв эеийг хичээж байж дараа дараагийн сонгуульд амжилт гаргах шаардлага байгааг олон мянган гишүүд дэмжигчид чинь хүлээж байгаа болохоос бус энд бүлэглэлийн эрх ашгийн төлөө намын даргын суудалд тэмцээд байх шаардлага алга. Ядахад залуус нь ухаалаг хандаж болдоггүй юм уу. Өөрсдийнх нь ярьж байгаагаар эрх баригчид нөлөөлсөн нөлөөлөөгүй болж байгаа сувгаар нь хараад маргаашийнхаа төлөө явах ухаан алга гэж үү. Тэнд М.Тулгат нь байна уу, О.Цогтгэрэл нь байна уу, хамаа алга. Гагцхүү та бүхний энэхүү даргын солиорол чинь эцэстээ АН хэмээх айлыг устгахад том түлхэц болж байна. Өөрөөр хэлбэл, Ж.Батзандан, Лу.Болд нарын эхлүүлсэн урвах ажиллагаа өнөөгийн хэдэн нөхдөөр үргэлжилж өдгөө төгсгөл болох шатандаа нэгэнт ирчихлээ. Үүнээс харахаар АН-ын нөхөд буруугаа эрх баригчдаас бус Х.Баттулга, Ж.Батзандан, Лу.Болд нараас хайх хэрэгтэй. Гэтэл Х.Баттулга нь нэр дэвшээд явж л байна.
Одоогийн байдлаар АН-д сарниж задраагүй фракц гэж үлдээгүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Алтангадас”-ыг, Д.Дорлигжав нар МҮДН-ыг, З.Энхболд “Шонхор”-ыг, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар “Нэг ардчилал”-ыг, Э.Бат-Үүл нар “Зүүн хойд Ази”-ыг гээд бүгдийг самарсан, эднээс юу ч үлдээгүй. Ганц бүтэн үлдсэн фракц МоАХ-ыг “Үндэсний хэмжээний зөвлөгөөн” нэрийн дор С.Эрдэнэ, Д.Сосорбарам нарын нөхөд үгүй хийхийг санаархасан.
Өнгөрөгч хугацаанд АН-ын хэдэн өвгөд л нам нам хэмээн дундаа тэмцэж байгаагаас нэг ч залуусын түүчээ нийгмийн индэрт гарч ирсэнгүй нь хэний ч сонирхлыг татаж байгаа.
Олны өмнө гарч ирсэн нь Д.Монголхүү гэх хэн ч биш нөхөр аанай л өвгөдийн захиалгаар Х.Баттулгын өөдөөс дайрч байгаагаас өөр зорилго байхгүй. Өнөөх Д.Монголхүү нь “МоАХ шинэчлэгдэн зохион байгуулагдаад МАН хэмээх дарангуйлагч улс төрийн хүчинтэй тэмцэнэ. Хүний эрхийг хумиж байгаа хэнтэй ч МоАХ тэмцэх түүхэн үүрэгтэй. Тэр дагуу л үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Тиймээс би...” хэмээн цээжээ дэлдэх аж. Үнэнийг хэлэхэд МоАХ бол санхүүжүүлэгч Х.Баттулгаасаа салчихаар ямар ч амьдрах чадваргүй байгууллага шүү дээ. Тэр Д.Монголхүү нь ч “Женко”-гоор тэжээлгэж явсан нэг нөхөр гэхэд болно. Ёстой л “Ишиг эврээ ургахаар эхийгээ” гэдэг болсон.
Үүгээр ч зогсохгүй АН өнөөгийн Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг шүүмжилж, иргэдийн амьдрал ядуу зүдүү байгааг гайхширч байгаагаас бус намыг авах тэмцэл л явж байна. Тэд төрийн эрхэнд гарсан цагтаа самарч явснаас энэ төр, нийгмийн амьдралд анхаарч байсан өдөр ч алга. АН-д ирээдүйтэй сайн залуус байна хэмээн улс төр судлаачид, зарим нэртэй нийтлэлчдийн зүгээс хэлэх болсон ч ойшоож байгаа зүйл алга. Улс төрийн ууган хүчний дэргэд НАМЗХ гээд 60 гаруй мянган гишүүнтэй залуучуудын байгууллагад улс төр сонирхогч залуус дүүрэн бий. Тэгэхээр улс төр гэхээсээ илүүтэй албан тушаал горилж, амбиц хөөсөн эдгээр нөхдөөс цус сэлбэнэ гэдэг хэцүү. Гагцхүү сонголт юм.
АН-ын дэргэд гэхэд Монголын ардчилсан залуучуудын холбоо гэх 90 гаруй мянган гишүүнтэй байгууллагад албан тушаалын төлөө “яахаас ч буцахгүй” хэдэн нөхөд байсан нь өнөөдөр намын задралаа дагаад юу ч биш болов. Ийм намд ямар залуу хүн ирээдүйгээ сүйтгэх гэж очих юм. Нам хэмээн 20 настайгаасаа дагаж гүйгээд 50 насны босго давахад улс төр ч үгүй, ажил үгүй үлдсэн ах нарын амьдрал нүдэн дээр өрнөж байхад хэн тийш очих билээ. МАН, АН гэх хоёр улс төрийн хүчний дэргэдэх залуусын байгууллага 60, 90 мянган гишүүнтэй хэмээн бахархадаг байв. Өнөөдөр МАН-ын залуусын тоо өсөж, АН-ынх уруудаж байхгүй болсон байх. Ямартай ч АН хэмээх улс төрийн хүчнийг өнөөдөр ам уралдан бурж байгаа өвгөд бус залуус аврах учиртай. Өнөөдрийн байдлаар АН-ыг бүр “булшлах” ажиллагаа л явж байгаагаас энэ намын төлөө явж байгаа хүн алга.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Батсуурь том мөнгөнд сөхөрч нэрээ татах биз