С.Дашцэвэлийг БНСВУ-ын “Найрамдал” медалиар шагналаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 20

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ахмад ажилтан, вьетнам судлаач, доктор (Sc.D) С.Дашцэвэлийг БНСВУ-ын “Найрамдал” медалиар шагнасныг БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дам 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гардууллаа.

Вьетнамын суут удирдагч, үндэсний эрх чөлөөний баатар, аугаа хүн Хо Чи Миний амьдрал, үйл хэргийг алдаршуулах, Вьетнам ардын уран зохиолуудыг орчуулан сурталчлах, нийтийн хүртээл болгох зэргээр хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь БНСВУ-ын төр засаг өндрөөр үнэлж энэхүү шагналыг олгосон юм.

Ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Зоан Хань Дам хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгч Хо Чи Миний амьдрал, ажил үйлс нь Вьетнамын хувьсгал, ард түмний яруу алдарт түүхтэй холбоотой бөгөөд манай хоёр орны ард түмний уламжлалт найрсаг харилцааны үндэс суурийг тавьсан хүн юм” хэмээн онцоллоо.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монголд суралцаж төгссөн оюутнуудыг төлөөлж Нгүен Хью Дүан, Динь Күанг Нгүен, Чан Күанг Винь, Лэ Ван Түй, Нгүен Ван Тао, Вьетнамд суралцаж төгссөн оюутнуудыг төлөөлж Б.Гантуяа, Г.Саруулзаяа, Б.Цэнгэллхам, Б.Батсайхан нар байлцав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top