₮120 их наядын хөрөнгө шаардах Сэргэлтийн бодлого ба ЭЗЧ-наас юу хүлээх вэ?

2022 оны 03 сарын 21

Ирэх дөрөвдүгээр сарын 7,8-нд Монголын Эдийн засгийн чуулган зохион байгуулагдана. Харин чуулганыг угтан энэ сарын 21-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг сэргээх Шинэ сэргэлтийн бодлогын талаарх албан ёсны байр сууриа  өнгөрсөн оны есдүгээр сард илэрхийлж байсан бол бодлогын хүрээнд тусган, хэрэгжүүлэх зургаан багц асуудлыг дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын 30 дугаар Их хурлын индэр дээрээс 2021 оны 12 дугаар сард  албан ёсоор танилцуулсан билээ. МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ:

“Эдгээр хөгжлийг хязгаарлагч  хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт дэвшүүлсэн цаасан дээр  царцаж үлдэх эрсдэлтэй юм. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх, шинэ зуунаа эхлүүлэх зорилго ч, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого ч  энэхүү зургаан асуудалтай ус, агаар, хөрс мэт шүтэн барилдлагатай” гэж байсан.

 

Түүнчлэн зургаан асуудал тус бүрээрээ хэлэлцүүлэг зохион байгуулах нь. Тодруулбал,

 

  • Эрчим хүчний сэргэлт /03.21, Эрчим хүчний яам хариуцна/
  • Төрийн бүтээмжийн сэргэлт /03.22, ХЗДХЯ хариуцна/
  • Аж үйлдвэржилтийн сэргэлт /03.24, УУХҮЯ/
  • Хот, хөдөөгийн сэргэлт /03.25, Нийслэл хот болон бусад яамд/
  • Боомтын сэргэлт /03.28, Сангийн яам, ЭЗХЯ, ЗТХЯ хамтран зохион байгуулна/
  • Ногоон хөгжлийн сэргэлт /29-30, БОАЖЯ/

 

Эдгээр салбар хэлэлцүүлгээс дэвшүүлсэн санал зөвлөмжийг нэгтгэн дөрөвдүгээр сарын 7,8-ны өдрүүдэд “Монголын эдийн засгийн чуулган 2022” нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

"Монголын эдийн засгийн чуулган 2022"-ын ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Б.Жавхлан  хэлэхдээ “2022 оны Монголын Эдийн засгийн чуулганаар Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого тодорхойлогдоно” гэсэн мэдээллийг өгсөн.

Тодотгоход, Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилго, зорилтуудтай ус, агаар, хөрс мэт шүтэн барилдсан гэх Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан асуудлууд, хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь эдийн засагт бодитоор тулгарч буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэхэд чиглэсэн байна уу, үгүй юу гэдэг дээр судлаачид хөндлөнгийн дүгнэлтүүдийг хэрхэн хийж буй талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Тухайлбал, судлаач А.Батпүрэв уг бодлого хэрэгжих боломжийн талаар дүгнэлтдээ, Шинэ сэргэлтийн бодлогын төслийн танилцуулгад дурдсанаас үзвэл энэхүү бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд, цаашид төсөл хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 110-120 их наяд орчим төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай гэж тусгажээ.

Монгол Улсын төсвийн нийт орлого жилдээ 15-16 их наяд төгрөг, үүний дотор нэг жилийн хөрөнгө оруулалтын төсөв 3-4 их наяд төгрөг орчимд л байдаг. Мөн Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 33 тэрбум ам.долларт, Засгийн газрын нийт өрийн хэмжээ 27 их наяд төгрөгт хүрээд буй макро эдийн засгийн өнөөгийн ийм орчин нөхцөлд хэчнээн чухал зорилт дэвшүүлсэн ч түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр босгох, бүрдүүлэх боломж, магадлал тун бага байна.

Хөрөнгө санхүүгийн хувьд ийм эрсдэлтэй, хүндрэлтэй нөхцөлд шинээр хэрэгжүүлэх төслүүдэд шаардлагатай томоохон дүн бүхий хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх боломж гарахгүй, бий болохгүй байх эрсдэл өндөр, харин гадаад өрийн дарамт цаашид улам бүр нэмэгдэх эрсдэлтэй байна.

Иймээс “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан нийт зорилтыг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шаардагдах тооцооллыг дахин нарийвчлан сайтар тооцоолж үзэх, нөгөө талаар гадаад өрийн дарамт, хөрөнгө санхүүгийн өнөөгийн байдалд нийцүүлэн дээрх баримт бичгүүдэд тусгагдсан олон тооны төсөл, хөтөлбөрийг ач холбогдлоор нь дараалалд оруулах, цаг хугацааны хувьд аль хэсгийг нь хойшлуулах боломжтойг дахин тооцож боловсруулах шаардлагатай талаар ч дурдсан байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ үнэн(192.82.73.221) 2022 оны 03 сарын 21

хэн ч ингэж худлаа мөрөөдөж фантаазалж чадна. хэрэгжих ямар ч үндэсгүй мөнгө байхгүй, байлаа ч хахууль хулгайгаар л ихэнх нь явна. өчүүхэнийг түмэнд амсуулсан болж л додоолгоод МАН өөрсдөө цусална

0  |  0
Top