ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржоос ноолуурын бэлтгэл хангамж, хөнгөлөлттэй зээлийн асуудлаар тодрууллаа.
-Малчид ямаагаа самнаад, ноолуураа борлуулаад эхэлжээ. Ноолуурын зах зээл дээр хоёр төрлийн эрх ашиг “зөрчилддөг”. Нэг талаас үйлдвэрлэгч түүхий эдээ хямд авахыг боддог бол нөгөө талд нь малчид үнэтэй борлуулахыг боддог. Энэ хоёр эрх ашгийг хангахаар ХХААХҮЯ-наас ямар бодлого барьж байна вэ?
-Өнөөдрийн тухайд зүүн аймгуудад ноолуураа самнаад, борлуулаад эхэлсэн байна. Зарим худалдан авагч, малчдын хооронд нэг кг ноолуурыг 120-150 мянган төгрөгийн хооронд гэрээ хийж борлуулсан гэх мэдээлэл байна. Ноолуур самналт дундаа орох үед жинхэнэ ханш тогтоно байх.
-Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж 400 тэрбумын зээл олгохоор шийдвэрлэсэн. Зээлд хэн хамрагдах боломжтой вэ. Ямар шаардлага хангаж байж зээл авах вэ?
-Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд бол манай уул уурхайн бус стратегийн гол бүтээгдэхүүн. Энэ хүрээнд ноолуур бэлтгэлд 150 тэрбум, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс, шир бэлтгэл үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэгчид зээлд хамрагдана. Өнгөрсөн жилийн хувьд ноолуурын зээлд гэхэд л самнахаас дээш шат дамжлагатай үйлдвэрүүд хамрагдаж байсан. Яг энэ хэлбэрээр үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд зээл олгоно. Манай яамнаас энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн нэрсийг арилжааны банкуудад хүргүүлнэ. Ингээд тухайн жагсаалтад байгаа аж ахуйн нэгж банканд зээлийн хүсэлтээ гаргаснаар зээл эзэддээ хүрнэ. Зээлийн эх үүсвэр нь арилжааны банкнаас учир эрсдлээ тооцож, ноос, ноолуур, арьс шир бэлтгэлийн зээлийн шаардлагыг арилжааны банкнаас тавина.
-Зээлийн зорилго нь мөн энэ салбарын экспортыг дэмжихэд чиглэж байгаа болов уу?
-Мэдээж. Одоогоор бид дотооддоо нийт түүхий эдийнхээ 20 гаруй хувийг л гүн боловсруулж, үлдсэн 80 орчим хувийг нь анхан шатанд боловсруулаад, экспортолж байна. Өнгөрсөн жилийн тухайд ноолуурын үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлтгэхэд нь дэмжлэг болгож 95 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдэж байсан. Энэ жил дээрх зээлийг үргэлжлүүлэх Засгийн газрын тогтоол батлагдаж, гүн боловсруулалтын түвшинг ахиулах бодлого зорилтын хүрээнд үйлдвэрлэгчдээ дэмжих томоохон алхам хийж байна. Зээлд ноолуурын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд хамрагдах бүрэн боломжтой. Энэ дэмжлэгийн зорилго бол түүхий эдийн үнийг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, хөгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр гадна талдаа экспортыг тогтвортой байлгах, ноолуурын салбарт тогтвортой үйлдвэрлэлийг бий болгоно. Дотооддоо ноолуурын үнэ тогтвортой байхад нөлөөлөх юм.
-Нэг кг ноолуурын үнэ цаашид өсөх үү, буурах уу, тогтвортой байх уу гэдгийг малчид болоод, үйлдвэрлэгчид нэлээд тодруулах юм. Үүнд хариулт өгнө үү?
-Ноолуурын үнийг ХХААХҮЯ-наас тогтоодоггүй, барьж, хянадаггүй. Цэвэр зах зээлийнхээ зарчмаар тогтдог. Бид бол дам утгаараа үнийг тогтвортой байлгахад, үндэсний үйлдвэрлэгчээ түүхий эдээр таслахгүй байхад бодлогын дэмжлэг үзүүлдэг. Энэ дэмжлэг бодит болж 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газраас гаргахаар шийдвэрлэлээ.
-Хөдөө аж ахуйн салбарын экспортын гол түүхий эд нь ноолуур. Гэвч гадны томоохон тоглогчдод боловсруулалтын болон бэлтгэн нийлүүлэлтийн шатны технологи нь гологддог. Монгол ноолуурыг брэнд болгох, боловсруулалтын болон бэлтгэн нийлүүлэх шатны технологийг сайжруулах тухайд ямар ажил хийж байна вэ?
-Ноолуурын экспортын тухайд гадны томоохон тоглогчид гарал үүсэл нь тодорхой, малын тавлаг байдлыг хангасан эсэх, бэлчээр ашиглалт нь ямар байв, ямаагаа самнахдаа малын тавлаг байдлыг хангасан уу зэрэг шаардлага тавьдаг болсон. Энэ шаардлагын хүрээнд бид “Хариуцлагатай нүүдэлчин” гэх стандарт баталсан. Энэ стандарт дотор дээрх шаардлагуудыг тусгасан. Энэ шаардлага, стандартыг мөрдөж мөшгих системийг Швейцарын хөгжлийн агентлагаас өнгөрсөн долоо хоногт манай яаманд хүлээлгэн өгсөн. Мөшгих системийн ач холбогдол нь гадны томоохон худалдан авагчдад манай ноолуурын гарал үүсэл, таваарлаг байдлын талаарх мэдээллийн “хөтөч” болох юм.
-Ноолуурын салбарт “Хаан ширхэгт” брэнд хөгжүүлэлтийг хийж байгаа шүү дээ. Энэ брэнд гадныхны манайд тавьдаг стандартад нийцдэг биз дээ?
-Үйлдвэрлэлийн салбарт гэвэл, нэхмэлийн үйлдвэрлэгчдийн тогтвортой байдлыг хангах үүднээс үйлдвэрлэлийн стандартыг батлуулсан. Энэ стандартын үзэл санаа нь ногоон үйлдвэрлэлийг дэмжих юм. Байгаль орчинд ээлтэй, цахилгаан, усны хэмнэлттэй технологи ашиглаж байна уу гэх мэт шаардлагыг тавьдаг болсон. Энэ стандартуудыг батлуулаад, хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ стандартыг хангах, батлах төсөл хөтөлбөрүүдийнхээ хүрээнд “Хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж байна. Энэ брэндийн тухайд Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд таниулах, хольцгүй, цэвэр ноолуур гэдгийг батлах зорилгоор “Хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж байна. Монголын ноос ноолуурын холбооны дэргэд үүний баталгаажуулалтыг хийж байна. Энэ бүх тогтолцоог бэхжүүлснээрээ бид ноолуурын түүхий эдийн үнийг тогтвортой байлгах, дэлхийн ноолуурын зах зээлд гол тоглогч болох зорилгодоо ойртож байгаа юм.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Сэтгэгдэл ( 0 )