Нэгэн аав цахим орчинд охиноо “Хэвийн хүн” болгон өсгөх зорилготой хэмээн бичжээ. Мэдээж шууд үүнийг нь уншсан хүмүүс охин нь ямар нэгэн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хэмээн таамаглаж мэдэх юм. Гэвч зүгээр л охиноо хичээлээ хий, тэг, ингэ гэхийг хүсдэггүй. Болж өгвөл өөрийнхөөр нь өсгөж, гагцхүү эрүүл зөв сэтгэлгээтэй хүн болгох өсгөхөөр хичээж, оролдож буйгаа бичсэн аж.
Нээрээ ч өнөөгийн нийгэмд том бага, дарга цэрэггүй “Хэвийн хүн” болцгоох нь маш чухал байгаа билээ. Ихэнх нь хэвийн бус учраас л өглөөдөө хүүхэд зодсон багшийг өмөөрч, өдөр цайныхаа цагаар эцэг эхийг хардаж, оройдоо багшийг нь ажлаас халахгүй байхын төлөө дуу хоолойгоо өргөцгөөж байна шүү дээ. Нийтээрээ хэвийн бус байгаа учраас л нэг мэдээллийг ганцхан өдрийн дотор 3-4 янзаар хүлээн авч, хошууран найгацгааж байна.
Яг л салхины аясаар хийсэн явагч хамхуул шиг сошиал орчны баталгаагүй мэдээллийн аясаар бөмбөрсөөр. Ажилгүй, орлогогүй, амьдралын баяр баясгалангүй байдал нь ч биднийг ийм хэвийн бус байдал руу улам бүр түлхэж байж болох юм. Тиймээс л хамаг уур бухимдлаа цахим орчинд гаргаж, түүгээрээ ч бусдыг бас хэвийн бус байдалд оруулж байна. Сайн сайхан ирээдүйг бүтээхийн тулд ирээдүй хойчоо “Хэвийн хүн” болгон хүмүүжүүлэхээс гаднаа өөрсдөө ч давхар хэвийн болох хэрэгтэй. Тэгж байж л бидний толь болсон хүүхдүүд маань өөрийгөө илэрхийлэх чадвартай, бусдыг хүндэлдэг, ойлгодог, хайрладаг нэгэн болж өснө.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )