Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.03.22/ хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажилллагааны хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Төслийг хэрэгжүүлснээр харьцангуй бага ашиглагдсан бэлчээрийг хамгаалах, даац хэтэрсэн хэсгийг зохицуулалт хийх замаар удирдах, малын эрүүл мэндийн үйлчилгээ, сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, ган, зуд гэх мэт байгалийн гамшигт өртөмтгий байдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой гэв.
Энэ төсөл нь Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 сумдад хэрэгжинэ. Төслийн үндсэн агуулга нь хоршооллыг дэмжихэд чиглэсэн гэдгийг тодотгохын зэрэгцээ 466 малчдын бүлэгт 14,000 хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар малын тэжээлийг сайжруулах, 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулахаар тусгагдсан. Малыг эрүүлжүүлэх ажлын хүрээнд нийтдээ 54 мал эмнэлгийн чадавхыг сайжруулахаар төсөлд тусгагдсан гэж байлаа. Мөн тэрбээр, 2018 оноос хойш судалгаа хийж хамгийн их малын өсөлттэй аймгууд тэдгээрийн бэлчээрийн даацыг судлан сонгосон гэж байлаа.
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.
Сэтгэгдэл ( 0 )