Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л байгаль дэлхий хүрээлэн буй орчноо танин мэдэх оролдлогыг тасралтгүй хийсээр ирсэн. Үүний нэг хэсэг нь агаар сансрын орон зай, одод, гараг эрхсийн зүй тогтол, мөн чанарыг танин мэдэх явдал байсаар ирснийг түүхэн олон эх сурвалжид дурдсан байдаг. Монголчуудын дунд ч мөн одот тэнгэрийн тухай олон үлгэр домог, Хубилай хааны одон орны төвөөс эхлээд бодит бүтээн байгуулалтууд олон байсан билээ. Өнөөдөр бол эдгээр түүхийн нэгээхэн хэсэг болсон Монгол Улс өөрийн иргэнээ сансарт амжилттай нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, сансар судлалын түүхэнд тэмдэглэгдсэн түүхэн үйл явдлын 41 жилийн ой тохиож байна.
Энэ нь Монгол Улсын сансар судлалын маш том алхам төдийгүй, манай орны шинжлэх ухааны салбарын хөгжил дэлхийн жишигт хүрснийг илтгэн харуулсан чухал үйл явдал байсан юм. Тухайлбал Монгол Улс сансрын уудамд өөрсдийн бүтээсэн техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон болсон төдийгүй сансрын тойрог замд олон арван туршилт, судалгааны ажлуудыг зохион байгуулсан байдаг. Сансарын технологийн хөгжил хүн төрөлхтний өдөр тутмын аж амьдралтай улам нягт холбогдох болсон энэ цаг үед манай улс ч энэ салбарыг хөгжүүлэх талаар тодорхой алхмуудыг хэрэгжүүлэн түүхэн ойгоо угтаж байна.
Тодруулбал Монгол улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хүүхэд залууст одон орон, сансар судлалыг сурталчлах танин мэдүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж буй Астропарк салбарыг энэ оны 1 дүгээр сарын 1-нээс Сансар судлалын төв болгон өргөжүүлж Монгол улс Сансар судлалыг хөгжүүлэх албан ёсны байгууллагатай болоод байна. Энэ байгууллагын шинжлэх ухааны төдийгүй, улс эх орныхоо хөгжилд оруулах хувь нэмэр, ач холбогдол асар өндөр юм. Сансар судлалын төв нь Монгол улсад сансар судлалын салбарыг үе шаттай тогтвортой хөгжүүлэх, түүний дотор сансрын технологийн судалгаа шинжилгээг тогтмол хийх, шаардлагатай тоног төхөөрөмж бүхий лаборатори, судалгааны орчин нөхцөлийг бүрдүүлэх, энэ салбарын технологийг хөгжүүлэх, газрын станц байгуулан өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээг цаг тухайд нь хүлээн авч ашиглах, салбарын хүний нөөцийг чадваржуулах, тогтвор суурьшилтай мэргэжлийн дагуу ажиллуулах, сансар судлалын чиглэлээрх их дээд сургууль, эрдэм шинжилгээ, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, нэгдсэн менежмент мэдээ, мэдээллээр хангах үндсэн үүрэг зорилготой бөгөөд дараах үндсэн 2 лабораториос бүрдэж байгаа юм.
Уг хоёр лабораторийн нэг Сансар судлал лаборатори нь ШУА-ийн хүрээлэнгүүд болон их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдаас хүний нөөцөө бүрдүүлэн салбар дундын болон салбарын судалгааг хөгжүүлэх замаар сансрын технологийн хөгжүүлэлт, зайнаас тандан судлалын хиймэл дагуулын мэдээ боловсруулалт, сансрын хууль эрх зүй гэсэн үндсэн гурван судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ойрын ирээдүйд эх орныхоо хэрэгцээ шаардлагад нийцсэн жижиг оврын хиймэл дагуулыг бүтээх, түүнийг сансарт хөөргүүлэх өндөр технологийг бие дааж гүйцэтгэх зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд кубсат ангиллын шинжлэх ухааны зориулалттай “Тэмүүлэл” төслийг МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн судлаач, эрдэмтэд гардан хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2017 оны 7-р сарын 7-ны өдөр АНУ-ын Олон улсын сансрын станцаас сансрын тойрог замд орж 1 жил 10 сар тасралтгүй сансарт ажилласан Монголын анхны сансрын хиймэл дагуул “Мазаалай” болон уг төслийг хэрэгжилтийн үр дүнтэй шууд холбоотой юм. Мазаалай хиймэл дагуул нь 2019 оны 5-р сард үүргээ гүйцэтгэж дууссан бөгөөд түүний үргэлжлэл “Тэмүүлэл” хиймэл дагуулыг 2022 онд багтаан хөгжүүлж дуусгахаар ажиллаж байна.
Харин Астропарк лаборатори буюу Сансар од эрхсийн ордон нь шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх ажлыг гол зорилго болгон Монголын мянга мянган хүүхэд, залууст сансар огторгуйн гайхамшиг, түүнийг тойрсон техник, технологийн хөгжил дэвшлийг танин мэдүүлж, шинжлэх ухааны судалгааны ажлуудыг хэрэгжүүлж Монголын сансар судлалын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах өргөн боломж, үүд хаалгыг залуу үеийнхэнд нээж өгч байгаа юм. Монгол хүн сансарт ниссэн түүхт нислэгээс хойш 41 жилийн хугацаанд байгаль орчныг зайнаас тандан судлах, түүний үр дүнг геологи, цаг уур, геодези, газар зүй зэрэг шинжлэх ухааны салбаруудтай нягт холбох, сансрын анагаах ухаан биологийн салбарт судалгаа шинжилгээ явуулах, сансрын холбоо, физик, технологийн ололтыг нэвтрүүлэх үйл ажиллагаа үр дүнтэй өрнөж, Монголын сансар судлалын салбар алхам алхмаар хөгжин цаашдаа олон туршилт судалгааны ажлыг хэрэгжүүлэхээр урам зоригтой ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )