Төгрөгийн рубльтэй харьцах Төв банкны албан ханш 28.01 төгрөг байна. Харин арилжааны банкуудын ханш илүү өндөр байгаа юм. Тодруулбал, Хаан банк 1 рублийг 41.70 төгрөгөөр, Төрийн банк 39.31 төгрөгөөр, Голомт банк 40.80 төгрөгөөр худалдаалж байна.
Төв банкнаас өгч буй рублийн урсгалын статистик мэдээлэл
Монгол Улс 2021 онд улиралд дунджаар 119 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийн гарах урсгалтай байсан байна.
Тухайлбал, өнгөрсөн оны 1 дүгээр улиралд 116 сая ам.доллар, 2 дугаар улиралд 113 сая ам.доллар, 3 дугаар улиралд 118 сая ам.доллар, 4 дүгээр улиралд 129 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийг гадаад төлбөр тооцооны зориулалтаар Монгол Улсаас гадагш шилжүүлжээ.
Рублийн энэхүү гарах урсгал нь хойд хөрштэй хийдэг худалдааг санхүүжүүлэх буюу ОХУ-аас нийлүүлэгддэг бараа, үйлчилгээний төлбөрт зарцуулагддаг.
Уг үзүүлэлт 2022 оны 1 дүгээр улиралд тогтвортой байсан буюу 2022 оны эхнээс 3 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд 100 сая ам.доллар байсан нь ердийн үеийн дундаж үзүүлэлттэй ойролцоо аж.
Банкуудын арилжааны статистик
Банкууд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зарсан рублийн хэмжээг авч үзвэл 92 сая ам.доллартай тэнцэж байна. Энэ нь оны эхний улиралд хийгдсэн гадаад төлбөр тооцоотой холбоотой аж.
Харин худалдаж авсан рублийн хэмжээ 4.2 сая ам.доллартай тэнцжээ. Энэ нь дотоодын зах зээл дээр банкуудын худалдан авсан рублийн хэмжээ нь зарсан дүнгээсээ эрс бага байгааг харуулж байна гэж Төв банкнаас тайлбарлалаа.
Сэтгэгдэл ( 0 )