Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгов

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23/ болж байна.  

Хуралдаанаар Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгох Засгийн газрын тогтоол баталлаа.

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж мэдээлэл өглөө.

Тэрбээр "2011 онд Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг 10 жилийн хугацаатай концессийн гэрээгээр шилжүүлсэн. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан ч 2015 онд өртэй нь хувьчил гэдэг шийдвэр гаргаад, энэ компани хувьчлагдсан. Өнөөдрийн байдлаар эзэн ч үгүй болсон. 2011 онд концессийн гэрээ байгуулах үед “Бэйзмент” гэдэг компанитай гэрээ байгуулсан.

2015 оны 10 сард “Бэйзмент” гэх ганц хүнтэй компани татан буугдаж, "Хөтөл" гэдэг нэр авсан. "Хөтөл" гэдэг нэрийг 2008 оны үед нэг хүн нэр дээрээ аваад хадгалчихсан байсан. Хувьчлалын дараа “Бэйзмент” компанийн нэрийг өөрчилж, "Хөтөл" болгосон. Хувьчилж авсан сүүлийн хүн нь нас барсан. Нас барсан хүний өв залгамжлах эрхтэй хүн нь өв залгамжлалаас татгалзсан.

Хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаад, хувьчлал явуулахад хууль зөрчиж, хувьчлалын дараа гэрээний үүргээ биелүүлээгүй тул хувьчлах гэрээг хүчингүй болгох санал ирүүлсэн.

Хөтөлийн цемент шохой үйлдвэр 5 сая ам.долларын зээлтэй байсан. Энэ зээлийг Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын зээлийг өмнөх зээл рүү шилжүүлээд дуусгасан" гэлээ. 

Мэдээллийн төгсгөлд тэрбээр "2015 онд Хөтөлийг, 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчлах ажил муу гараар орсон. Одоо АТГ, прокурор хянаж байна. Хуулийн байгууллага удаан ажиллаж байгаа" гэдгийг онцоллоо. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top