Аврагчдаас төрсөн дөрөв дэх Гавьяатад хүндэтгэл үзүүллээ

2022 оны 03 сарын 24

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч-аврагч, ахлах ахлагч Г.Бямбасүрэн “Монгол Улсын Гавьяат тээвэрчин” цол хүртсэн билээ.

Онцгой байдлын албанаас төрсөн 11 дэх, аврагчдаас төрсөн 4 дэх Гавьяат Г.Бямбасүрэнг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Шадар сайд Төрийн үйлчилгээний албанд 35 жил ажиллаж, төрийн дээд одон медалиар шагнуулсанд нь баяр хүргээд “Онцгой байдлын алба гэдэг төр иргэнийхээ төлөө амь хайргүй зүтгэдэг, хариуцлагатай алба. Энэ хариуцлагатай албанд 35 жил зүтгэж, нийт сая гаруй километр замыг туулахдаа иргэд, олон нийт, улс эх орныхоо төлөө явсан нь өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэснийг тань харуулж байна. Онцгой байдлын албанаас 11-хэн Гавьяат цолтон байдгаас гурав нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрсөн нь ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян алба хаагчдынхаа төлөө сэтгэл, зүтгэл гаргаж ажилладгийн илрэл” хэмээн онцлоод, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Г.Бямбасүрэн нь Онцгой байдлын албанд зүтгэх хугацаандаа обьектын гал түймрийн дуудлагад 600 гаруй удаа явж ард, иргэд, байгууллага аж ахуйн нэгжийн 580 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгө, 2001 онд гарсан томоохон гал түймрийн үеэр хамт олноо хошуучлан ажиллаж 13 иргэний амийг авран хамгаалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top