"Ноён доллар" хомсодсон ҮЙЛ ЯВДЛЫН МӨРӨӨР

2022 оны 03 сарын 28

Орос болон Украин улсын хооронд үүссэн нөхцөл байдлаас үүдэж манай оронд "Ноён доллар" олдохоо байж ханш нь тэнгэрт хадлаа хэмээн олон нийт үзэж байгаа. Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Монголбанк мөнгөний бодлогын хүүг 2.5 хувиар нэмж, есөн хувь болголоо. Учир нь гадаад зах зээлийн нөхцөл байдал болон хойд хөршийн эхлүүлсэн асуудал валютын ханшийг өсгөсөн. Тиймээс Монголбанк тус шийдвэр нь төгрөгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, ханшийг чанга байлгахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ хэмээн үзжээ. Харин манай улсын валют арилжааны таван хувийг эзэлдэг гэх Найман шарга төвд улсын хэмжээнд ам.доллар хомсодсон сургаар иргэд сандралдан очиж байгаа гэх. Тиймээс уг асуудалтай холбоотойгоор өнөөдрийн сурвалжилгыг бэлтгэлээ.


 

ВАЛЮТ АРИЛЖААЛАГЧИД АМ.ДОЛЛАР ИХЭЭР НӨӨЦӨЛСНӨӨР ҮНЭ ХӨӨРГӨДӨЖ БАЙНА ГЭВ

 

 Валют арилжаа хийх иргэдийн түгээмэл зорьдог газар бол Найман шарга төв юм. Биднийг тус төвийн ойролцоо очиход гар дээрээс валют арилждаг худалдаачид боодолтой төгрөг барингаа “Доллар, юань, вон, рубль авна. Танд доллар байна уу. 2980 төгрөгөөр ам.доллар авна шүү” гэх мэтчилэн дуугарч байлаа. Нэг хэсэг цагдаагийн байгууллагаас албадан явуулж ил арилжаа хийхийг хориглож, сануулга өгсөн ч тэд валют авах гэж зогссон хэвээр. Мөн худалдаачдаас нэг юань хэдэн төгрөгөөр авч буйг лавлавал 450 төгрөг гэж хариуллаа. Ам доллар арилжааны банкууд болон валют арилжих цэгүүдэд тасалдсан гэсэн сургыг тодруулах үүднээс Найман шарга төвд орж ханш сонирхов.

Хоёрдугаар сарын 24-ний өдөр нэг ам.доллар тус төвд 2868 төгрөгөөр арилжаалагдаж байсан. Харин өнөөдөр Найман шаргад нэг ам долларыг 3030-3050 төгрөгөөр зарж, 2920-2990 төгрөгийн хооронд худалдан авч байна. Гэхдээ энэ гол нь биш. Валют арилжаалагчид худалдан авагчиддаа зарах ам долларгүй болсон гэв. Үүнийг баталсан шиг тухайн лангуунуудын ард байрлах үнийн самбарт зөвхөн авах үнийг бичиж зарах хэсэг нь хоосон байлаа. Иргэд ихэвчлэн ам.долларыг зарах гэж Найман шаргыг зорьдог гэдгийг өнгөрсөн сурвалжилгаар хүргэсэн. Харин яаралтай хэрэг болсон, гадаад руу зорчих гэсэн иргэд ам.доллар худалдаж авах хэрэгцээтэй болсон ч тэдэнд зарах газар үгүй болжээ.

Найман шаргын худалдаачдаас ам.долларын ханш хэдтэй байгаа болон нөөц бий эсэхийг лавлах гэсэн боловч төрийн тусгай нууц хамгаалж буй мэт авир гаргаж асуулт асуухын завдал үгүй хөөж байлаа. Дотор байрлах худалдаачид “Ам.доллар байхгүй, надад зарна гэвэл гайгүй үнэ хэлээд авна шүү” гэх мэтээр ярих ч тэр хавиар эргэлдэх иргэдийн хэлж буйгаар эсрэгээрээ гэв. Валют солиулж яваа иргэдээс сонирхож асуувал худалдаачид ам.доллар байхгүй гэж хэлж буй ч далдуур нөөцөлж, эрэлт ихэсч үнэ дахин өссөний дараа өндөр үнээр зарах гэж байгаа хэмээн хардаж байгаагаа тайлбарлав.

 

ГАДУУР ОЛДОХГҮЙ БАЙГАА АМ.ДОЛЛАРЫГ ЦАХИМААР АРИЛЖИЖ БАЙНА

 

Төрийн банк, Голомт, Хаан гэх мэт арилжааны бүх банканд ам.долларын арилжаанд хязгаарлалт тогтсон. Харин өнөөдрийн байдлаар зарим арилжааны банкаар ороход нэг ширхэг ам.долларын дэвсгэрт ч алга. Учир нь Төрийн банкны ажилтны хэлснээр валют салбарууд дээр ирэхээ больсон тиймээс энэ төрлийн гүйлгээ хийхгүй байгаа гэв. Мөн Хаан банкны өнөөдрийн ханшаар нэг ам.долларыг 2913 төгрөгөөр авч 2929 төгрөгөөр зарж буй нь Монголбанкны зарласан албан ханшаас гурван төгрөгийн зөрүүтэй байна. Арилжааны банк болон валют худалдаалах төвд ам.доллар үзэгдэхээ больсон тул иргэд арга буюу цахим орчин дахь бүлгэмд зар тавьж авах болжээ. Тус бүлгэмүүдэд нэг ам долларыг Найман шаргатай ижил ханшаар буюу 3050 төгрөгөөр зарж байлаа.

Гадуур олдохгүй “нүдний гэм” болсон дэвсгэртийг Фэйсбүүк бүлгэмд зар тавих иргэд 100 мянгаас 1.5 сая хүртэлх ам доллар бэлнээр зарна хэмээжээ.

Ханшын зөрүүнээс мөнгө олохын тулд иргэд банкны хадгаламжаа төгрөгөөр бус гадаад валютаар нээлгэх нь түгээмэл. Учир нь 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар манай улсын арилжааны банкуудын нийт хадгаламжийн 20.9 хувийг гадаад валютын хадгаламж эзэлдэг гэсэн судалгаа гарсан. Харин сүүлийн үед олон улсын нөхцөл байдлаас үүдэн ам.доллар хомсодно гэсэн сураг гарсан тул сандарсан иргэд гадаад валютын дансаа хоосолж мөнгөө бэлнээр татан авсан байна. Монголбанкны зүгээс арилжааны банкны валютын нөөцөд хөндлөнгөөс оролцох, хязгаарлалт тогтоох боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл цаанаас нь хязгаарлалт тогтоогоогүй байхад арилжааны банкуудад валют хомстсон шалтгаан нь нөөц дуусах вий гэдгээс эмээсэн айдас болж үлдлээ. Арилжааны банкуудын мөнгөн хөрөнгийн тал хувийг нь хадгаламж эзэлдэг. Тиймээс банкуудаас иргэд хадгаламжийн мөнгөө татсан нь валютгүй болоход нөлөөлсөн байна. Мөн Засгийн газрын гуравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан тэвчиж болох зардлыг танаж, эх оронч байхыг сануулсан. Учир нь Монголбанкны тооцооллоор Ланд-300 автомашинд 500 гаруй сая ам.доллар зарцуулсан хэмээн мэдэгдсэн. Үүнээс гадна Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хийсэн мэдэгдэлдээ тансаг хэрэглээний импортыг хориглох санал гаргана гэсэн юм.

Эрх бүхий албан тушаалтнуудын хэлснээр тансаг хэрэглээ гэх ангилалд орсон бараа материалын татан авалтаас болж дотооддоо валютгүй болсон мэт утга илэрхийлж буй нь олон нийтийг бухимдуулсаныг валют авах гэсэн иргэдийн сэтгэгдлэээс харж болно. Түүнчлэн манай улсын валютын нөөц байнга нэг хэмжээндээ байна гэж үгүй. Бид стратегийн гол бүтээгдэхүүн болох шатахуун, улаанбуудай, төрөл бүрийн будаа, ургамлын тос зэргийг импортоор худалдан авдаг. Энэ тоолонд гадаад улс руу манай улсын валют урсах нь тодорхой. Харин эргүүлээд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадны улс руу экспортолж гаргахад манай оронд валют орж ирэх зүй тогтол бий. Арилжааны банкуудаас иргэд хадгаламжаа хоосолж, худалдаачид зохиомол хөөргөдөл үүсгэн шавхах ч валютын нөөцгүй болсон нь импортлогч бус экспортлогч орон болохыг шаардаж буйн дохио аж.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top