Монгол, Оросын худалдааны гэрээг тогтвортой хэрэгжүүлэх талаар ярилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ОХУ-ын Монгол дахь худалдааны төлөөлөгч Максим Васильевтэй уулзаж, санал солилцжээ. Уулзалтаар хоёр улсын гадаад худалдааны гэрээг тогтвортой хэрэгжүүлэх, Орос-Монголын худалдааны эргэлтийг цаашид нэмэгдүүлэх зорилгоор үүсээд буй нөхцөл байдлаас үүдэлтэй бодитой хүндрэлийг даван туулахад чиглэсэн олон асуудлыг хэлэлцсэн байна.

Худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааны төлбөр тооцоо, банкны асуудал, Оросын рублийн зонхилох төлбөр тооцоонд түргэвчилсэн шилжих, логистикийн асуудлыг шийдвэрлэх, Монголын эдийн засгийн гол салбаруудыг Оросын нэн чухал бүтээгдэхүүнээр хангах тухай болон 2022 онд болох хамтарсан бизнесийн арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, тохиролцжээ.

Ирэх дөрөвдүгээр сард Монголын тал Владивосток хотноо Бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ үеэр Алс Дорнодын Холбооны тойрогтой харилцаагаа хөгжүүлэх хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж буй аж.  Энэхүү форум нь бүс нутаг дахь хөрөнгө оруулалтын төслүүдэд нэвтэрч, Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын Алс Дорнодын боомтоор дамжуулан гадаад зах зээлд гаргах боломжийг олгоно гэж үзэж байна.

Мөн Монголын тал долоодугаар сарын 4-7-ны өдрүүдэд Екатеринбург хотноо болох INNOPROM-2022 олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнд Монголын бизнесийн төлөөллийг оролцуулах асуудлыг хэлэлцэж байна. МҮХАҮТ энэ онд Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын гурван талт чуулга уулзалтыг зохион байгуулахаар ОХУ, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин энэ үеэр онцолжээ.  

ОХУ-ын Монгол дахь худалдааны төлөөлөгч Максим Васильев “Худалдааны төлөөлөгчийн газар нь Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай нягт хамтран ажилласан  эерэг түүхтэй. Монголын ДЦС-ын тусламжтайгаар Оросын олон арван компаниуд Монголд найдвартай түншүүдтэй болж, Монголын зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлах асуудлыг амжилттай шийдвэрлэж чадсан. ОХУ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Танхимын удирдлага, шуурхай ажилтнуудад үр дүнтэй уялдаа холбоотой ажилласанд талархаж байна" гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top