611 барилгыг хамруулсан шалгалтаар 3439 зөрчил илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтад 611 барилга, байгууламжийг хамруулан гал түймэр гарч болзошгүй 3439 зөрчил дутагдлыг илрүүлж, 649 зөрчлийг газар дээр нь арилгуулсан юм.

Харин бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 360 албан шаардлага, 234 мэдэгдэл, 14 танилцуулга, 5 дүгнэлтийг тус тус бичиж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллалаа.

Галын аюулаас хамгаалах аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламжид гал унтраах багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм MNS 5566:2020-ын стандартын хэрэгжилтыг хангуулаагүй, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй. Мөн барилгын дотор талд галын дотуур усан хангамж төлөвлөгдсөн боловч галын дотуур даралтат усны цэгийн иж бүрдэл /галын хайрцаг, крант,  хоолой, хошуу, гайк/-ийг байрлуулаагүй, дутуу, галын дохиоллын систем суурилуулсан боловч ажиллагааны бэлэн байдлыг хангаагүй, мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top