Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох цуврал хэлэлцүүлэг өндөрлөлөө

2022 оны 03 сарын 25

Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох цуврал хэлэлцүүлгийн 7 дахь буюу сүүлийн хэлэлцүүлэг өнөөдөр /2022.03.25/ болж өндөрлөлөө.

Нийт 7 удаагийн хэлэлцүүлгээс гарсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналуудыг нэгтгэн хуулийн төслийн үзэл баримтлалдаа тусгах бөгөөд бодлого, зохицуулалтын чиглэлээр зохицуулах ажлуудыг ажил хэрэг болгон хэлэлцүүлгийн нийт оролцогчдод танилцуулах болно.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч нар танхимаар болон цахимаар идэвхтэй оролцож, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр саналаа толилууллаа.

Үүнд:

- Аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр сургалтыг урт хугацаагаар зохион байгуулж, сургагч багш нарыг орон нутагт томилж, чадавхижуулах сургалтыг зохион байгуулах, мэргэжлийн үнэмлэхийг тодорхой тогтсон шалгуураар олгодог болох;

- Хөдөө орон нутагт жуулчны баазын хоол үйлдвэрлэл, ресторан зоогийн газруудын хоол үйлдвэрлэл харилцан адилгүй байдаг. Жуулчны баазын тогооч нар улирлын чанартай ажилладаг. Иймд жуулчны баазад ажилладаг тогооч нарын хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үүрэг оролцоог хуульд тусгах

- Төр хувийн хэвшлийн түншлэл, хоорондын холбоог зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг тусгах;

- Орон нутгийн жуулчны баазуудад хүний нөөц их дутмаг байдаг тул жуулчны баазын хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, жуулчны баазад ажиллаж байгаа хоол үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байна.

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн хоорондын холбоо, хамтран ажиллах түншлэлийг дэмжсэн нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байх;

- Орон нутгийн онцлогийг харуулсан хоол үйлдвэрлэлийг бий болгох; Зөөгч нарыг мэргэшлийн үнэмлэхтэй болгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, зөөгч, тогооч нарыг чанартай сургалтад хамруулах; Төрөөс ирэх дарам, шахалт, хүнд суртал, хяналт шалгалт маш их байдаг. Төрийн дарамт, шахалтаас илүү аж ахуйн нэгжээ дэмжсэн арга хэмжээг илүү зохион байгуулах.

- Тулгамдаж буй асуудлаа бидэнд танилцуулж, Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар үнэтэй санал, зөвлөмжийг хуваалцаж, идэвхитэй оролцсон нийт оролцогчдодоо баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top