ОЛОН ӨНГӨ: Шинэхэн инженерүүдээс улстөрчид хол байгаарай

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Япон улсад суралцаж төгссөн монгол инженер залуусын эхний ээлжийн 50 залуу сургуулиа дүүргээд эх орондоо ирсэн. Энэ талаар бахархсан олон сэтгэгдлүүд сошиал ертөнцөд хөвөрч байна. Бахархахаас ч аргагүй зүйл л дээ. Монгол Улс бөхчин, дуучингаасаа илүү мэдлэг боловсролтой залуусаар боловчсон хүчнээ тэлж байна шүү дээ. Олон, олон монголчууд эх орноосоо дүрвэх шахуу юм болж байгаа энэ үед чихэнд чимэгтэй, сэтгэл дулаацуулсан мэдээ энэ л байлаа. Гэвч...

Гэвч тэдний минь хийж бүтээх хүсэл тэмүүлэл, урам зоргийг нь битгий унтраачихаасай хэмээн бас хүснэ. Учир нь өнөөгийн нийгэмд аль нэг даргад л ашиггүй бол, эсхүл таалагдахгүй бол мянган сайхан төсөл хөтөлбөр, шинэ санаачилга байгаад хэрэгжихгүй болсон цаг. Түрүүлж ирсэн 50, дараа нь ирэх 950, нийлээд 1000 инженертэй болж байгаа ч тэдний хэд нь хүнд суртал, хээл хахууль, дарга даамлын хана мөргөж, дүүлэн нисэх даль жигүүрээ хугалахыг өнөөдөр таашгүй.

Өндөр ёс суртахуунтай, технологийн дэвшлээр дэлхийд тэргүүлэгч улсад суралцаад ирсэн тэднийг хахь ондоо орчин угтаж байна. Нам дагасан бухан бяруунууд ч тэднийг элдэвлэж, тал талаас нь мөргөхийг санаархах нь гарцаагүй гэж бодохоор л харамсал төрнө. Бага дээр нь дарах гэж оролдоно. Цовоо цолгиун, галтай хэд нь цойлоод гараад ирвэл шагнал гэж бас нэгэн дөнгө зүүх гэнэ.

Ингэж байтал намуудаас сонгуульд нэр дэвших саналаар булж, өөрсдийн эгнээндээ нэгтгэхийг санаархах вий. Тиймээс Монгол төр, улс төрийн намуууд, тэднийг тойрон хүрээлэгчид нэгэн удаа энэ бүхнээ хойш тавиад хийж бүтээхийн их хүсэлтэй хэдэн сайхан инженертэй болсны хэргийг гаргамаар байна. Ажлын таатай нөхцөл, хийж бүтээхийн боломж бололцоог нь хангалттай гаргаж өгөөд, улс орноо хэрхэн өөд татаж, дэлхийн энд өрсөлдөхүйц ажиллахыг нь хажуу дэргэдээс нь хараад сууж байгууштайг сануулан илүү үглэе.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БААТАР(192.82.66.181) 2022 оны 03 сарын 29

МАН-Д ЭЛСЭХГҮЙ БОЛ АЖИЛД АВАХГҮЙ ГЭДЭГ ХУУЛЬ СҮҮЛИЙН 30 ЖИЛ МОНГОЛД ҮЙЛЧИЛЖ БАЙГАА

0  |  0
Зочин(183.177.100.4) 2022 оны 03 сарын 29

Энэ хүүхдүүдийг сургахаар явуулсан хүн нь Лу.Гантөмөр шд. Тухайн үеийн боловсролын сайд ЗГ-ын хийсэн ажил байхад улстөрчид хол байгаарай гэшш эргүү юм уу

0  |  0
Top