Нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэллээ

2022 оны 03 сарын 28

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж 23 аж ахуйн нэгж, нийт 12.6 мянган тонн махны нөөцийг бэлтгэсэн. Тэгвэл энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэллээ. Үнийн хувьд үхрийн ястай мах килограмм нь 8900 төгрөг, хонины ястай мах килограмм нь 8300 төгрөг, ямааны мах килограмм нь 7100 төгрөгөөр 9 дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байна. 

Нөөцийн мах худалдаалах үнийг Хүчит шонхор захын энэ оны 3 сарын бөөний дундаж үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 795 төгрөг буюу 8.2 хувь, хонины ястай мах 772.5 төгрөг буюу 8.5 хувиар, жижиглэнгийн дундаж үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 2968 төгрөг буюу 26.3 хувь, хонины ястай мах 2650 төгрөг буюу 23.0 хувь, ямааны ястай мах 2400 төгрөг буюу 25.2 хувиар тус тус хямд үнэтэй байна. 

Мөн нөөцийн махны үнийг томоохон зах, худалдааны төвд худалдаалж буй махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 36 хувь, хонины ястай мах 30.5 хувь, ямааны ястай мах 23.2 хувиар тус тус хямд үнээр нийслэлийн иргэдэд худалдан борлуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь цар тахлын үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, үнийг зохистой түвшинд байлгахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top