“Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөнөөр хэн, юу өгүүлэв

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах  “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр илтгэл тавьсан, үг хэлсэн хүмүүсийн ярианаас онцлон хүргэе.

Мега төслийн хэмжээний эдийн засгийн эргэлтийг бий болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хамгийн их нэрвэгдэж байгаа орны нэг бол Монгол. Тиймээс ирээдүй хойч, үр хүүхдүүддээ сайхан эх орон, сайхан дэлхий үлдээхийн тулд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Үүний зэрэгцээ эдийн засгийн үр өгөөжөө өгнө. Үндэсний хөдөлгөөний хүрээнд олон зуун ажлын байр бий болно. Нэг томоохон мега төслийн хэмжээний эдийн засгийн эргэлтийг бий болгоно гэж харж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг байгаль орчин, ойн салбарт зарцуулдаг байх саналыг боловсруулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх гэж байна.  

Мод тарих эдийн засгийн хөшүүргийг бий болгох  хэрэгтэй

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд аймгуудад өрнөсөн  зөвлөгөөнөөс харахад аж ахуйн нэгжүүдийг хэрхэн дэмжих вэ, иргэдийн оролцоог хэрхэн хангах вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Ногоон хотыг бий болгохын тулд аж ахуйн нэгжүүдийг дэмжих эдийн засгийн хөшүүргийг бий болгох ёстой. Мод тарих газрыг хэрхэн чөлөөлж өгөх, газрын төлбөр ямар байх, мод тарьж буй иргэдэд ямар урамшуулал олгох, татварын ямар бодлоготой уялдуулах талаар системтэй болчихвол мод тарих сонирхол иргэдийн дунд маш өндөр байгаа.

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 15 ам метрт хүрнэ

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр:

-Дэлхийн хөгжилтэй хотуудад нэг хүнд 16-24 ам метр ногоон байгууламж ногддог бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тоог багадаа есөн ам метрт хүргэхийг зөвлөж буй юм. Өнөөдөр Улаанбаатар хотын нийт газар нутгийн ¼ нь ойн сан бүхий газар эзэлдэг бөгөөд нэг хүнд 5.1 ам метр ногоон байгууламж ногдож байна. Тэгвэл бид 2030 он хүртэлх хугацаанд 120 сая мод тарьж ургуулсны дараа  нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 15 ам метрт хүрнэ.

Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 8.2 хувьд хүрнэ

 

БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа:

-Яагаад “Тэрбум мод” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд зохион байгуулах болсон бэ гэдэгт эхлээд анхаарлаа хандуулъя. Монгол орны хувьд сүүлийн 80 жилд агаарын дундаж температур 2.4 хэмээр дулаарч, цөлжилт, газрын доройтол 76.9 хувьд хүрч, гамшигт үзэгдлийн дамтамж сүүлийн 20 жилд хоёр дахин өсөж, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин их байна. Энэ бүх сөрөг үзэгдлийг бууруулахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн тусална. Дэлхийн олон улс тэрбумаар тоологдох мод тарьж байна. Шинэ Зеланд тэрбум мод тарихаар зорьж буй бол Пакистан 2030 он гэхэд 10 тэрбум мод тарих, Африкийн орнууд 8000 км урт ногоон хэрэм байгуулахаар зорьж байх жишээтэй. БНХАУ сүүлийн 40 жилд 78 тэрбум мод тарьсан байна. Энэ мэт улс орнуудын туршлага, амжилтад тулгуурлан мод тарьж ургуулах хөдөлгөөнийг амжилттай өрнүүлж чадна гэж итгэж байна. Ингэж гэмээнэ өнөөдөр нийт газар нутгийн 7.9 хувийг эзэлж буй ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 8.2 хувь болон өсөх юм.

Нийслэлд 100 орчим га-д мод үржүүлгийн газар байгуулна

 

УБЗАА-ны Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн Ногоон байгууламж, тохижилтын нэгдсэн төлөвлөлт, бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Сүхбат:

-“Тэрбум мод”-ны хүрээнд хотын ногоон бүсэд 2-3 настай тарьц тарина. Харин ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтэд 5-7 настай суулгац тарих юм. Тэр хэрээр тарьц, суулгацын хэрэгцээ бий болж байна. Урт хугацаандаа ойн байгууламжид шаардлагатай тарьц, суулгацыг нийлүүлэх тогтвортой ажиллах мод үржүүлгийн газрууд хэрэгтэй байгаа. Нийслэл орчимд найман байршилд 100 орчим га-д мод үржүүлгийн газар байгуулахаар судалж байна. Түүнчлэн цаашид тарьсан модны арчлалт, хамгаалалтын асуудал яригдана. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг арчлахад 11.5 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ нь өсөн нэмэгдэж буй ногоон байгууламжийн шаардлагатай төсвийн 2/3 хувь юм. Ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг хүмүүс улирлын чанартай гэж үздэг ч дөрвөн улиралд үргэлжилдэг онцлогтой.

Мод үржүүлгийн газруудад хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүгийн бүтээгдэхүүн санал болгоно

 

“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин:

-Нийслэлийн Ногоон сангийн танилцуулгыг та бүхэнд хүргэе. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, байгаль хамгаалах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой байгуулсан сан юм.  Сангийн өгөөж 6-9 хувьтай байна гэж харж байгаа. Хүлэмжийн хийг бууруулах, эко системийг бий болгох, ногоон ажлын байрыг бий болгох чиглэлийн компани, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллана. Мод үржүүлгийн газрууд буюу нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжүүдийг  чадавхжуулах, санхүүгийн хувьд бэхжүүлэх чиглэлээр хөнгөлөлттэй нөхцөлтэй, хямд эх үүсвэртэй санхүүгийн бүтээгдэхүүнийг энэ жилээс эхлэн  санал болгоно. 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт гаргахад 185 мянган тарьц бий болно гэж харж байна. Үүнийг хоёр жилийн дараа эргэн төлөгдөнө гэж тооцоход 2030 он гэхэд нэг сая орчим тарьц, суулгацыг бий олгох боломжтой юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.53) 2022 оны 03 сарын 28

их ярьдгаа больж, амласан, хэлснээ ажил болгохоор шуурхай ажиллах хэрэгтэй. Хотын захиргааны газрын албаныхан барилга барих зөвшөөрөл өгөхдөө уг компанийн санхүүгийн боломж аль хир юм бэ, өмнө нь хичнээн барилгыг хир чанартай, тендерийн хугацаандаа оруулж байсан уу гэдгий зөвшөөрөл олгохдоо сайтар шалгаж бай хэрэгтэй. Ерөнхийлөгчийн тэрбум мод ны асуудалд ч онцгой анаарах хэрэгтэй байна. Монголын хөнгөн аж үйлдвэрийн ууган байгууллагын өмч хувьчлал нэрийн доор устгахдаа тахир зургаа, найм дугаар орон сууцны өмнө байсан сайхан цэцэрлэгийг мөн л устгасан энд газрын зөвшөөрөл өгсөн, шинэ орон \n

0  |  0
Top