ОБЕГ: Түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан  Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Аврах ангийн аврагч, тэргүүн ахлагч Х.Цогбадрах, Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, Үйлчилгээний гавьяат ажилтан, тэргүүн ахлагч, Д.Эрдэнэбилэг нарт түрээслээд өмчлөх орон сууцны “Батламж”-ыг гардууллаа.

Энэ үеэр Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ, “Нийслэлийн иргэдийнхээ аюулгүй амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр, хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилладаг та бүхэндээ нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөл байдалд цаг наргүй үүрэг гүйцэтгэж буй нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдаа дэмжиж, орон сууцны батламжийг олгож байна. Та бүхний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж байна. Цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье” хэмээн онцолсон юм.

Тэргүүн Ахлагч Х.Цогбадрах нь Онцгой байдлын албанд 18 дах жилдээ ажиллаж байгаа бөгөөд аюулт үзэгдэл ослын 600 гаруй дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 270 эрдэнэт хүний амь насыг авран хамгаалж ажилласан байна.

Түүнчлэн нийслэл хот орчмын гол, тогтоол усанд иргэд живж осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул гол дагуу завьт эргүүлийн үүргийг 132 удаа гүйцэтгэж аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг материал тараах, сэрэмжлүүлэг яриа хийх, хориотой бүсэд байрласан автомашиныг гаргах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.

Завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа Туул голд живж, үерийн усанд урсаж байсан 67 иргэний амь насыг авран хамгаалж ажилласан.  

Мөн Хан-Уул дүүргийн Богдхан  уулын Зайсан, Чулуутын ам, Арцатын ам, Их тэнгэрийн ам, Жаргалантын ам, Төр хурх, Баянзүрх дүүргийн Улиастай, Шажин хурх, Өнхөрдөг, Хүүшийн ам, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон, Налайх дүүргийн Тэрэлж, Төв аймгийн Заан тэрэлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд үүрэг гүйцэтгэн,  үерийн усанд автсан 168 айл өрхийг нүүлгэн шилжүүлж аюулгүй бүсэд буулгах, Дорноговь аймгийн Айраг суманд гарсан галт тэрэгний ослын голомтод үүрэг гүйцэтгэх зэрэг ажиллагаанд тус тус оролцож байсан туршлагатай аврагч юм.

Тэргүүн ахлагч Х.Цогбадрахын олон жил үр бүтээлтэй, иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилласныг үнэлж 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан”-аар шагнасан юм.

Тэргүүн ахлагч Д.Эрдэнэбилэг нь Онцгой байдлын албанд 2002 оноос хойш аюулт үзэгдэл, ослын 2781 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнээс 2254 удаагийн гал түймэр дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган техникийн саатал, тактикийн алдаагүй ажиллан төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 10,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 82 хүний амь биеийг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажиллажээ.

Мөн тэрээр Гал унтраах техникийн олон төрөлт спортоор 2002 оноос тасралтгүй 14 жил хичээллэн Монгол улсын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 4х100 метрийн төрөлд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож Гал унтраах техникийн олон төрөлт спортын мастерын болзол хангасан.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа оролцож хувийн амжилт болон багаараа алт, мөнгө, хүрэл медаль, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 7 удаа оролцож хувийн амжилт болон багаараа алт, мөнгө, хүрэл медаль хүртэж шагнагдаж байсан.

Тэргүүн ахлагч Д.Эрдэнэбилэгийн олон жил үр бүтээлтэй, иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилласныг үнэлж 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан”-аар шагналаа

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top