Хашаа буулгасан хэсэгт явган болон дугуйн замтай болох хүсэлтэй байна

2022 оны 04 сарын 02

Нийслэлийн засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөгдөөгүй хашаа, хайсыг буулгах ажлыг энэ сарын 18-наас эхэлсэн. Энэхүү ажлыг Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрын хашааг буулгаж эхлүүлсэн юм. Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 457 хашаа, хайс, зөөврийн байгууламж, өргөтгөл, шон зэргийг чөлөөлөхөөр төлөвлөсөн байна. Бага тойрууд л гэхэд зөвшөөрөгдөөгүй хашаа, хайс 1779 байгаа гэх тооцоо байгаа ажээ. Журмын дагуу эмнэлэг, сургууль, онцгой объект гэх мэт 16 төрлийн байгууллага хашаалах эрхтэй байдаг аж. Харин бусад төрлийнх нь хашаалах шаардлагагүй юм байна. Тиймээс шаардлагагүй хэмээн үзсэн хашаа, хайсыг буулгах ажлыг шат дараатайгаар хийхээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цахим хуудсаараа мэдээлсэн билээ.

Тиймээс уг үйл явдалтай холбоотойгоор дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай холбогдсон юм. Тус албаны зүгээс “Хашаа, хайсыг буулгах журмыг эцсийн байдлаар гаргаж байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ямар нэгэн захирамж гаргаагүй байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Иргэдийн зүгээс хашаа, хайсыг буулгах тал дээр өөр өөр байр суурь илэрхийлж байлаа. Тухайлбал, иргэн Г.Одноо “Чанар стандартаа мөрдсөн, иргэддээ ээлтэй бүтээн байгуулалт байгаасай гэж хүсэж байна. Үнэндээ хүүхдээ дагуулаад хотоор алхах ч боломж алга. Явган зорчигчийн зам гэнэт алга болчихдог. Аргагүйн эрхэнд машины замаар алхана. Хашаа авсан хэсэгтээ явган хүний замыг хангалттай тавиасай” гэв. Харин зарим иргэн буулгасан хашаагаар захын хорооллын дүүргүүдэд хүүхдэд зориулсан талбай барихад ашиглахыг хүссэн юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Нарантуяа “Буулгасан хашаагаа Баянхошуу орчмын хүүхдүүдийг ногоон байгууламж бүхий тоглоомын талбайтай болоход нь ашиглаж болох юм гэж бодсон. Учир нь, гэр хорооллын тоглоомын талбайд хашаа зайлшгүй хэрэг болдог” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн А.Энхтүвшин хашаа буулгаж буйг сайн менежмент хэмээн онцолсон юм. Тэрбээр “Хаашаа л харна хашаа бий. Тэднийг буулгаснаар зай талбай тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Иргэдэд хэрэгтэй ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлснээр ая тухтай, санаа зовох зүйлгүй алхах нөхцөл бүрдэж, машин хэрэглэх хүмүүсийн тоо ч багасах болно. Энэ нь эргээд бүх нийтийн эрүүл мэндэд тустай. Хөрөнгө оруулалт их шаардах бүтээн байгуулалтад хугацаа алдсанаас энэ мэт өгөөжтэй, сайн менежменттэй ажиллах нь оновчтой гэж бодож байна” гэсэн юм.

Хашаа, хайс буулгаж буй явдлыг эергээр хүлээн авахгүй иргэд ч байлаа. Тэдний сөргөөр хүлээн авах болсон гол шалтгаан нь өмнөх бүтээн байгуулалтаа нураах, газраас хумслах болон ногоон байгууламжийг зохистой байдлаар хийхгүй байх вий гэх нийтлэг сэтгэл зовнилтой холбоотой байлаа.

Тодруулбал, иргэн Б.Адъяасүрэн “Ер нь хашаануудыг буулгах хэрэг байсан болов уу хэмээн харж байгаа. Зарим нэгийг бол гарцаагүй буулгах хэрэгтэй. Гэвч Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг буулгах нь буруу гэх байр суурьтай байгаа. Нэгэнт хийж, босгосон зүйлээ нурааж яахав дээ. Орж, гарах хаалгаараа чөлөөтэй хөдөлгөөнд оролцоход юу нь болохгүй байгаа юм бол. Хашааг нь авч мартагнуулж байгаад газраас нь хумслах вий гэж санаа зовж байна. Нэг юмыг хийх гэж нөгөө бүтээн байгуулалтаа сүйтгэдгээ хэзээ болих юм бол доо” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв. Мөн иргэн Т.Лхагвасүрэн “Паркийн хашааг буулгасан нь оновчтой боловч кино театр, эсэн бусын энтертайнмент төвүүд барих нь дэмий зүйл. Иргэд олон зүйл хүсээгүй. Зөвхөн ногоон байгууламж л хүссэн. Бүтээн байгуулалт хиймээр байгаа бол модоо тарь. Зохих ёсоор нь шат дараатайгаар  ногоон байгууламжаа бий болгох хэрэгтэй байна. Ядаж л паркаа ногоон байгууламж хэвээр нь авч үлдэцгээе” гэлээ. Иргэн Ц.Батмөнх “Миний хувьд шаардлагатай газрын хашаа, хайсыг буулгах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа. Гэвч Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хашааг буулгаснаар согтуу хүмүүсийн бөөлжистэй хутгалдаж, илүү дорд үзэмжтэй болох эрсдэлтэй. Монголчууд одоо ч бүдүүлэг, болхи хэвээрээ байгаа шүү дээ” хэмээн өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн юм.

Хэд хэдэн иргэнтэй уулзахад янз бүрийн байр суурь илэрхийлж байлаа. Хүн бүрийн бодол өөр ч иргэд аливаа зүйлсэд өөрсдийн дуу хоолой, санаа бодлоо хүргэдэг болсон нь авууштай. Иргэд ч хашаа, хайс буулгах ажилд хоёр талын байр суурьтай байгаа боловч шаардлагагүй газруудын хашааг буулгахыг дэмжсээр байгаа юм. Үндэсний соёл, амраллтын хүрээлэнийн хашааг буулгасныг эсэргүүцэх болсон шалтгаан нь тус хүрээлэнгийн талбайгаас долоон га газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах утга бүхий тайлбар өгсөнтэй холбоотой.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ирэх сарын 01-нээс эхлэн Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлыг эхлүүлэхийг үүрэг болгосон. Ингэхдээ тус газарт гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтыг хийх ажээ. Нийт 6.9 га талбайд битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, Түмэн эх чуулгын шинэ байр, хоол болон худалдаа үйлчилгээний газрууд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барихаар төлөвлөснөө олон нийтэд мэдээлсэн. Энэ нь ч иргэдийг хэдийнээ талцуулж байгаа боловч, бүтээн байгуулалтууд эхэлсний дараа дахин ярианы сэдэв болох нь гарцаагүй биз ээ.

Дээрх иргэдийн зөв, буруу, дэмжсэн, эсэргүүцсэн гэх үзлээс гадна өөрсдийн санаа бодлыг илэрхийлэх иргэд байлаа. Тэдний хувьд ямарваа нэгэн ажлыг эхлүүлэхээс урьтаж зөв, бурууг дэнслэхээс илүүтэй иргэдийн санаа бодлыг сонсож, хамтдаа гарц, гаргалгаа, боломжийг эрэлхийлэх нь оновчтой хэмээх байр суурьтай байсан юм.

Тухайлбал, иргэн Ч.Энхчимэг “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг буулгаснаар өмнөх шигээ цэвэрхэн байх болов уу гэж санаа зовниж байгаа. Гэвч нөгөө талаас буулгасан хашааныхаа оронд бутлаг модыг хашаа болгоод тарьчихвал илүү үзэмжтэй, ногоон хотоо ч дэмжсэн үйлдэл байх болов уу хэмээн бодож байна. Хүмүүс суугаад амрах, хүүхдээ салхилуулах ногоон талбайтай болчихвол гоё л юм” гэв.

Иргэн Я.Сарангэрэл “Нарны зам дагуу буулгасан хашааны хэсгээр явган зорчигчийн болон дугуйны замыг байгуулах хэрэгтэй. Эдгээр замаа машины замаас ногоон байгууламжаар тусгаарлавал их үзэмжтэй харагдах байх. Нэгдсэн нэг стандарт бүхий замтай болчихвол сайхан юм. Хүмүүс алхахдаа машины хорт утаагаар амьсгалахгүй, бороотой үед машинтай иргэд тогтоол усаар явган зорчигчийг услахаас хамгаалах зэрэг ач холбогдол бий гэж харж байгаа” хэмээлээ. Харин Баянзүрх дүүргийн иргэн Д.Одсүрэн гэр хорооллыг ч мөн хотын төвтэй ижил бүтээн байгуулалттай байгаасай хэмээн хүсдэгээ ярив. Тэрбээр “Би гэр хорооллын иргэн. Хашаа, хайс буулгах гэх мэт ажил хийж байгаа нь сайн юм. Замхраад алга болчихгүй бол шүү дээ. Гэхдээ хотын төвд л ямар нэгэн зүйл хийгээд байлгүй гэр хороолол руу ч гэсэн бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Гэр хорооллын гудамж талбайг зүлэгжүүлдэггүй юм гэхэд ядаж цементэн зам барьж болохгүй юм байх даа. Шороон дунд амьдарсаар байна” гэлээ.

Мөн РЦНК төвийн баруун урд байрлах зам талбайд зөвшөөрөлгүйгээр, стандартын бус хашаагаар хашаалсан байжээ. Тус газрын зөвшөөрөлгүй хашаалсан талбайг албадан сулласан байна. Энэхүү газрыг нийтийн эдэлбэр газар болгохоор болжээ. Хашаалсан уг талбай өмнө нь цэцэрлэгт хүрээлэн байсан аж. Мод ихтэй, зам талбайтай, хүүхдүүдийн тоглоомын талбайтай байжээ. Мөн барилга барих бус ногоон байгууламж байдлаар тохижуулах хүсэлтэйгээ ойр орчмын иргэд холбогдох байгууллагад нь мэдээлсэн байна.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR RU(197.210.71.164) 2022 оны 04 сарын 03

Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

0  |  0
Top