Онцгой байдлын ерөнхий газраас "Үер, уснаас үрсээ хамгаалъя" нөлөөллийн аяны хоёрдугаар үе шатыг эхлүүлж буй талаар мэдээлэв. (2022.03.29)
Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх болжээ. Тодруулбал, сүүлийн 10 жилийн хугацаанд 272 хүүхэд усанд осолдож, амь насаа алдсан байна.
2018, 2019 онуудад 18 хүүхэд осолдсон тохиолдол гардаг байсан бол энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 2020 онд 33 хүүхэд, 2021 он 31 хүүхэд усанд осолдож амь насаа алджээ.
Энэ талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ "Цар тахлын нөхцөл байдлын дараа дотоодын аялал жуулчлал нэмэгдсэнтэй холбоотойгоор усны осол нэмэгдэх хандлага ажиглагдсан гэж дүгнэж байна. Хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд даруй хоёр дахин ихэссэн аюултай зүйл ажиглагдаж байгаа учраас бага насны хүүхдүүдийнхээ амь насыг усны ослоос аварч, хамгаалах хэрэгтэй байна. Тиймээс тал бүрийн оролцоонд тулгуурласан өргөн цар хүрээтэй нөлөөллийн ажлыг зохион байгуулах гэж байна" гэлээ.
Ойрын таван жилийн тоон мэдээгээр усны ослоор 553 хүн амь насаа алдсаны 124 буюу 22.4 хувь нь хүүхэд байна. Усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцөлийг тодруулахад хүүхдээ хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, архидан согтуурсан, малчид үертэй болон ус ихтэй үед гарамгүй газраар гол гаталсан зэрэг шалтгаан 70 хувийг эзэлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )