Өнөөгийн нийгмийг тольдон харуулсан ХУУЧИН ХУВЦАС

2022 оны 03 сарын 30

Нэг төрийн бус байгууллага хуучин хувцас тарааж, түүн дээр улаанбаатарчууд бужигнаж, сошиал ертөнцөд өөлсөн, гоочилсон бичвэрүүд хөвөрлөө. Гэвч харамсалтай нь өнөөгийн амьдралын үнэн төрх маань л энэ юм. Тэнд ашиг хайсан нь ч байсан. Арай гайгүйхэн хувцсаар биеэ хулдахыг бодсон амьдралын боломжгүй нь очсон. Олдог орлого нь арай ахиухан байсан бол хэдэн хувцас илүү аваад таван төгрөгөөр борлуулахыг хүсэгчид цөөн байх байсан нь гарцаагүй.

Нэг үгээр бол хуучин хувцас тараасан явдал өнөөгийн нийгмийг жинхэнэ утгаар нь харуулсан толь байлаа.

Өдрөөс өдөрт валютын ханш чангарч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний олдоц муудаж, зарим нь бүр нүдний гэм болсоор удаж байна. Гэтэл ард түмний төлөөлөл болсон Их хурлын гишүүд нь чихэрлэг ундаа уухыг хуулиар зохицуулах мэргэн санаа олж, салбар яам нь олон сая ам.долларын зээлээр малчдад хашаа барьж өгөхөөр улайрцгааж байх. Өмнөд хөршийн хил хаалттай, бараа таваарыг хязгаартайгаар татан авч байгаагаас үүдэн манай улсын экспорт хэд дахин багассан.

Сохор аз болоход жаахан гаргаж байгаа уул уурхайн түүхий эд, эрдсийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байгаа учраас олдог орлого нь тийм ч их багасахгүй явсаар өдийг хүрлээ. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гэдэг настай хүний даралт шиг хэлбэлзэж байдаг зүйл учраас хэзээ навс унахыг хэлж мэдэх аргагүй. Хойд хөршийн Украинд явуулж байгаа цэргийн ажиллагаа нэг л өдөр дуусаж, эрдсийн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт хэвийн явагдаад ирэхэд л үнэ хямдарч таарна. Үнэтэй байгаа дээр нь хэдэн тонныг ч болсон илүү гаргахыг хичээх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөхөө тээвэрлэж гаргах төмөр зам нь эхнээсээ асуудал дагуулж эхэллээ. Гашуунсухайт Зүүнбаян чиглэлийн төмөр замд хоёр вагон унасан нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэр боллоо. Уг нь төр засгаас боомтынхоо чадамжийг дээшүүлэхийн тулд олон ажил эхлүүлж, бүтээн байгуулалт өрнөж байгаа ч чанар дээр нь онцгой анхаарахгүй бол болохгүйг энэхэн жишээ харуулж байна.

Ам.долларын гадагшаа урсгал урсдагаараа урсаж л байна. Учир нь шатахуун зэрэг нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг гаднаас авдаг учраас жаахан байгаа валютын нөөцөөсөө өгөхөөс өөр арга байхгүй. Гэтэл түүнийг нь орлож орох урсгал нь сааталтай, бараг тасарсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг эдийн засагчид хэлсээр байгаа. Даанч Монголбанкны зүгээс бодлогын хүү өсгөх, хязгаарлалт тогтоох зэргээс хэтэрч чадахгүй нь харамсалтай. Өдөр ирэх бүр эх орноосоо явахыг хүсэгчид олширч байгаа тухай мэдээлэл гарах болсон. Үнэхээр ч татварын дарамт, ус, цахилгааны төлбөрийн нэмэгдэл, ханшийн зөрүү, үнийн хөөрөгдөлд сөхөрч байгаа иргэдэд үүнээс өөр сонголт бага харагдаж байгаа биз.

Арай боломжтой, сийрэгхэн нь гадагшаа гарч, боломжгүй нь хувь тавилантайгаа эвлэрч, бүсээ чангалж үлдэх үү гэдгийг бодох л асуудал. Ямар сайндаа л “Хумсаа авч, саранд даллах хоёрт л найдахаас өөр аргагүй болж байна” гэсэн явган яриа гарах билээ дээ. Бусдын нүдээр харахад ажилтай мөртлөө, авдаг цалингаа харахаар өртэй яваад байна гэсэн хүн ч олширсон. Мэдээж хэрэг хотын захын гэр хорооллоор талх хуваасан, нохойн хоолоор хоолоо залгуулж байна гэх мэдээлэл ч гарсаар байна. Хоёр жил цар тахлын хөл хорионд байснаас олон ажлын байр устаж, олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Тиймээс л хуучин хувцас үнэгүй тараахад тэгж үй олноороо цугласан хэрэг.

Өнөөгийн манай улсын бодит байдал л ийм байгаа гэдгийг дахин тодотгоё. Тиймээс төр засгийн удирдлагууд, ард түмний төлөөллүүд нь хийх ажлынхаа эрэмбэ дарааг зөв тогтоож, хийж хэрэгжүүлэх ёстой ажлуудыг цаг алдалгүй хийх хэрэгтэй байна. Өрийн тааз нь тулаад, хэтрээд явчихсан үед гаднын зээлээр малын хашаа барих зэргээ хойш тавиад ашиг олох, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх зүйлсийг санаачил. Харин амьдрал нь жигдрээд, арав таван төгрөгт санаа зовохоо болиод ирэхээр малын хашаа барина уу, Марс орох хөлөг бүтээнэ үү, хэнд ч хамаагүй болох биз ээ.   

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ПӨӨХ(64.119.27.88) 2022 оны 03 сарын 30

ӨӨД БОЛСОН ХҮНИЙ Л ХУВЦАС БАЙГАА ШҮҮДЭЭ ОЙ ГУТАМ, МАН ИЙМ Л БАЙДЛААР АРД ОЛОНД ХАНДАЖ БУЙ ЮМДАА

1  |  0
ТАНИЛ ДҮР БАЙНА(64.119.27.88) 2022 оны 03 сарын 30

МАН ДАРААЛАН ЯЛСАЫ ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ЭНЭ ШҮҮДЭЭ

1  |  0
zochin(106.154.128.55) 2022 оны 03 сарын 30

Mgl.d uurduusu icheesei hunii huuchin huvthas avah gej engej urt oichor loj zogsoj bga nuhduu unh.r heleh muu ug alga da Mgl hun engej unegui bolthon bh gej oi gutmaar uurd uu huvthas oej uilder verlej buteesen ard tumen bolooch danda bilen harj amdrah yumaa *** hunii huuchin huvthas umuschuud huldaa tom hudlaa yardag ard tumen bolj ⁉️ delhii hugjsun oron hogoo yaj hayhuu gej tolgoonii uvchun bolj bhd Mgl ter hogiig n avah gej uursdiin altan thag ene hogond oichrolj urj bdag une thengui

0  |  0
Top